ФОТО: Дэлхийн ЭМЭГТЭЙЧҮҮД
Дэлхийд нэр алдраа дуурсгасан гоо сайхан, уран ухаанаар дэлхийн болон хувь хүний, бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлж чадсан хүчирхэг эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
Эмэгтэй хүн бол сайн хань, сайн бэр, сайн ээж, ажилсаг мөн хамгийн шилдэг удирдагч ч байж чадсан гэдгийг батлах чадварлаг эмэгтэйчүүдийн амьдралыг түүвэрлэн хүргэж байна.
Тереза эх: Түүний жинхэнэ нэрийг Агнес Гонжа Бояжу гэдэг. Олонд Тереза эх нэрээр алдаршсан тэрбээр гэлэнмаа, “Бурхны хайрыг тунхаглагч цуглаан”-ыг үүсгэн байгуулагч юм. Дэлхий дахинд энэрэл, хайр түгээж бүсгүй хүний агуу сэтгэлийг харуулж чадсан тэр ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙН нэгт жагсжээ. Тереза эхийн ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.
Опра Винфри: Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. Долоо хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчтэй байжээ. Винфри нь HARPO Productions компаний эзэн юм. Мөн 2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн сувагтай болжээ.Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Форбес сэтгүүлийн зарласнаар тэрбээр 2009 – 2010 онд 315.000.000 ам.долларын ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар Опра 2010 онд Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.Опра өөрийн амьдралын таагүй дурсамжуудыг олон нийтэд нээлттэй ярьж мөн бусдын ч зовлон, зүдгүүрийг ил болгож, хүний сэтгэлийг уудлан ярилцаж чаддаг нь түүний шоуг амжилттай болгосон юм.
Маргарет Тетчер: Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрбээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд. Тухайн үеийн Зөвлөлтийн сэтгүүлч нар түүний тууштай зан бусдыг манлайлан удирдах чадварыг үнэлэн “Төмөр хатагтай” гэдэг цол хайрлажээ. Анх 1959 онд Парламентийн гишүүнээр сонгогдож байсан “Төмөр хатагтай” 1970 онд Засгийн газрын Боловсрол Шинжлэх ухааны гадаад хэргийн сайд Эдвард Хитийн нарийн бичгээр ажиллаж байгаад 1975 онд Консерватив намын удирдагчийн сонгуульд мөнөөх Эдвард Хитийг ялж Английн түүхэнд анх удаа эмэгтэй хүн тус улсын гол намын тэргүүн болжээ. Улмаар 1979 онд Их Британийн ерөнхий сайд болж, 1990 он хүртэл ажилласан билээ.Маргарет Тетчер бол дэлхий даяарх хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгэн тод жишээ юм.
Мэрилэн Монро: 1950-1960-аад оны холливүдийн дүр төрхийг өөрчилж чадсан билээ. Тэрбээр өөрийн энхрий байдал, шаргал үс, ташаагаа гунхалзуулан алхах зэрэг цоо шинэ хэв загваруудыг бий болгож жинхэнэ секс билэг тэмдэг болж чаджээ. Тухайн үеийн жүжигчид, кино урлаг болоод нийгмийнхээ хувьд гол билэг тэмдэг, үлгэр, загвар болж байсан Мэрилэн Монро өдгөө ч хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг байсаар байна.
Жоанна Роулинг: Харри Поттэр цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545 сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ. Баячуудын жагсаалт гаргадгаараа алдартай Форбес сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг. 2000 онд тэрбээр Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусалдаг ажээ. Роулинг нь зохиолчид төдийгүй дэлхийн олон сая хүнд мөрөөдөл, зорилгоо биелүүлэх нь ямар чухал вэ гэдгийг мэдрүүлсэн хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.
Диана гүнж: 2002 онд BBC-ийн явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн гуравдугаарт жагсаж байжээ. Диана гүнж тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг эрчимтэй тэмцэгч нэгэн байсан. Диана амьдралаа өөрийн хүүхдүүд болон буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ДОХ-оор өвчилсөн хүмүүс, хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Тэрбээр дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг “Хатан хааны зүрх” гэж нэрлэдэг байжээ. Дэлхийн олон хэл дээр Дианагийн тухай номнууд бичигдсэн. Түүний найз нөхөд болон хамтран ажиллагсдын хэлсэн үг дурсамжууд мөн баримтат кинонууд байдаг. “Диана бол жинхэнэ гүнж байсан юм” гэж түүнийг хүмүүс дурсан санадаг байсан бөгөөд энэ ганцхан өгүүлбэр л Дианагийн амьдралыг өгүүлэх мэт.
Вильма Рудольф: АНУ-ын хөнгөн атлетикч байв. Тэрээр 1960-д онд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэгдэж байлаа. Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод тэрээр нэг олимпийн наадмаас хөнгөн атлетикийн төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болжээ. Түүний ачаар эмэгтэйчүүдийн хөнгөн атлетик АНУ-даа олны анхаарлыг татсан, нэр хүндтэй төрөл болж чадсан юм. Тэрбээр мөн иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч байлаа. 1960 оны Ромын олимпоос тодорсон ойрын зайн гүйгч түүнийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй, “торнадо” хэмээн хочилж байв. Италичууд түүнийг (Хар гөрөөс), Францчууд (Хар сувд) гэж дуудаж байв. Вильма 22 хүүхэдтэй ядуу айлын 20 дахь нь болж мэндлэхдээ 2 кг жинтэй, дутуу төрсөн аж. 4 настайдаа улаан эсэргэнэ, хатгаа өвчин тусч, үүний улмаас зүүн хөл нь саажиж, алхах чадваргүй болжээ. Гэр бүлийнхэн нь түүнд уйгагүй эмчилгээ хийлгэснээр Вильма цоо эрүүл болж хожмоо хамгийн хурдан эмэгтэй болж чаджээ.
Билли жин кинг: АНУ-ын теннисчин юм. Тэрбээр спортын замналдаа Их Дуулгыг ганцаарчилсан төрлөөр 12, эмэгтэй хос төрлөөр 16, холимог хос төрлөөр 11 удаа хүртжээ. Кинг нь спорт, нийгэм дэх хүйсийн ялгавартай байдлын эсрэг тэмцэгч байлаа. Тэрээр 1973 онд Вимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга асан Бобби Риггсийг “Хүйс хоорондын тулаан”-д буулган авч эмэгтэйчүүдийг дорд үзэх хүйсийн үзлийг өөрийн хожлын бөмбөгөөр “бут” цохисон нэгэн юм. Кинг нь Эмэгтэйчүүдийн Теннисний Холбоо, Эмэгтэйчүүдийн Спортын Сан болон Дэлхийн Багийн Теннисийг (сүүлийнхийг нь хуучин нөхөр Лоуренс Кингийн хамт) үндэслэсэн билээ.
II ЭЛИЗАБЕТ: Элизабет Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. Тэрбээр 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. II Элизабет 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг албан бусаар Хамтын Нөхөрлөлийн хаанчлалын бүс гэдэг бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэгэхээр II Элизабет хатан хаан нь язгууртан гаралтай нөлөө бүхий өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй болж байна.
Мадонна: Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулж байсан юм. Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа «Гиннессийн дээд амжилтын ном»-онд бичигдсэн байдаг. Мадоннагийн урлагийн оргил үе нь хэдий өнгөрсөн ч ашиг, орлогоороо уран бүтээлчдийг тэргүүлсээр байна. Тухайлбал 2013 онд гэхэд тэрбээр Америкийн хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан уран бүтээлчээр шалгарсан юм. Үүнд түүний аялан тоглолтын орлого ихээхэн нөлөөлсөн байна. Мадонна уран бүтээлээс гадна үнэртэн, хувцас загварын бүх л салбарт нөлөөллөө бий болгожээ. Өнөө цагт Мадонна шиг дэлхий дахинаа нэр хүндээ мандуулсан “гал халуун” уран бүтээлч ховор юм.
Коко Шанель: Францын нэрт дизайнер “Chanel” брэндийг үндэслэгч Коко Шанель 1883 оны 8-р сарын 19-ны өдөр мэндэлсэн юм. Тэрээр “Time” сэтгүүлийн “Зууны хамгийн чухал 100 эрхэм”-ийн нэгээр шалгарсан юм. Коко Шанель эмэгтэй хувцасны орчин үеийн хэв загварыг тодорхойлон гаргаж өгснөөрөө загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн. Түүний “Царай муутай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг” гэсэн эшлэл одоо ч бүсгүйчүүдийн хэлэх дуртай үг юм. Тэрээр XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүнийн нэгээр нэрлэгдсэн гэж дээр дурдсан бөгөөд энэхүү жагсаалтад бүртгэлтэй цорын ганц загвар зохион бүтээгч юм. Түүний үүсгэн бий болгосон брэнд өнөөдөр хувцас загвар, цүнх, үнэртэн гээд гоо сайхан гоо зүйн бүх л салбарт хүчтэй нөлөөлөл үзүүлсээр байна.
Анне Франк: Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчдийн заавал унших ёстой номын тоонд оруулдаг. Анне Франк богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин юм. Тэрбээр 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан еврей охин. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн билээ. Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая сая хүүхдүүд уншиж, түүний тухай бүрэн хэмжээний хоёр кино бүтээж, мянга мянган шүтэн бишрэгчид нь энэ охины тухай эссе, сэтгэгдлээ бичсээр байна.