Бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжид үлдэж, дурсагдана

2017 оны 10 сарын 25

Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжид үлдэж, дурсагдана. 

Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө юм

Шар өнгө амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.

Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ

Ерөнхийдөө дарангуйлал, түрэмгийллийн хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтод улаан өнгө зонхилдог бол та эрх мэдэл, нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй бардам, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна хэрүүл тэмцэл эхлүүлэх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлох дарангуйлах эрмэлзэлтэй өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.

Хөх ба цэнхэр өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг

Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө

Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увдистай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.

Оньсого мэт хар өнгө

Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.

Шударга хүмүүс цагаан өнгөнд дуртай

Цэвэр ариун, гэнэн байдал болон өвөрмөц хээнцэр ганган, баян тансаг байдал хийгээд шунал тачаалын өнгө юм. Шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог аж.

Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан

Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

Бор өнгөнд дурлагсад хайхрамжгүй зантай байдаг

Бат бөх, итгэл найдвартай болон аливаа зүйлийн бодит байдлын илрэл болдог өнгө юм. Бор өнгө нь байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай, олны дунд байх сонирхолтой, заримдаа хэтэрхий энгийн байдлыг бий болгодог, анхаарал хайхрамж муутай хүний зан байдлыг илэрхийлдэг.

Эсрэг тэсрэг байдлыг саарал өнгө илтгэнэ

Хэрэв таны сонголтод саарал өнгө зонхилдог бол бусдаас өөрийн мөн чанараа нуухыг эрмэлзсэн, албархуу, сэтгэл хөдлөлгүй, нэг талаас эрх чөлөөтэй байдлын, нөгөө талаас түүний эсрэг хаалттай байдлын илэрхийллийг агуулдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48555
0 эможи
keyboard_arrow_up