Жирийн физикчээс канцлерт дэвшсэн АНГЕЛА МЕРКЕЛ-ийн тухай 12 баримт

2017 оны 10 сарын 25

Arslan.mn

1. Ангела Дороте Каснер

Түүний жинхэнэ нэрийн Ангела Доротеа Каснер гэдэг. 1954 оны долдугаар сард Хамбург хотноо шашин судлаач, номлогч Хорст Каснер, Херлинд Каснер нарын гурван хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлжээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй аж.

2. Меркель Зүүн Германд өсчээ

Хэдийгээр тэрбээр Баруун Гер­манд төрсөн ч, Зүүн Германы жижиг­хэн хотод өс­чээ. Дээр өгүүл­сэнч­лэн аав нь сүмийн ном­логч хүн бай­сан тул түү­нийг жаа­хан бай­хад нь тэд­нийх Зүүн Герман руу нүүж, Бер­лин хотын хойд этгээдийн нэгэн сүмд ажиллах болжээ. Ингэж л түүний бага нас Берлинээс хойш 50 миллийн зайтай Ардчилсан Германы Темплин хотноо өнгөрчээ.

3. Тэрбээр Оросоор чөлөөтэй ярьдаг

Меркель залуудаа математик, шинжлэх ухааны хичээлдээ сайн байсан бөгөөд гадаад хэлийг ч сонирхон судалдаг байжээ. Тэрбээр Оросоор чөлөөтэй ярьдаг. Мөн англиар ч гэсэн ойлголцчихдог гэнэ. 1968 онд Ангела 14 настай байхдаа Ардчилсан Герман Улсад орос хэлний олимпиадад нэгдүгээр байр эзлэн ЗХУ-д аялах эрхээр хүртэл шагнуулж байжээ.

Герман төмөр хөшгөөр зааглагдан хоёр хуваагдсан тэр үед зүүн германчууд төмөр хөшгийг нэвтлэн баруун руу гарахыг хүсдэг байсан ч, Меркелийн эцэг харин эсрэгээр зүүн Германд ажиллахаар нүүж байв. Иймээс германаар чөлөөтэй ярьдаг, тухайн үед Германд сөрөх тагнуу­лын үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин­тай Ангела Меркель хэл амаа амархан ойлголцчихдог байжээ.

4. Меркель бол эрдэмтэн

Меркель тайван зантай бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүх талаар нь дүн шинжилгээ хийдэг. Түүний энэ чанар нь улс төрд орохоос өмнөх карьерт нь нөлөөлсөн байж болох. 1973 онд Меркель Лейпцигийн их сургуульд физикч мэргэжлээр элсэж, 1978 онд онд сургуулиа дүүргэжээ.

Мөн химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэлээд чадварлаг, физикч, химич нэгэн. Тэрбээр сургуулиа төгссөнийхөө дараа 1989 онд Берлиний хана нурж, хоёр Герман нэгдэх хүртэл Ардчилсан Германы шинжлэх ухааны академид мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1990 оноос улс төрд оржээ.

 

5. Улс төрд орсон зам 1990 оны арванхоёрдугаар сард улс төрийн сонгуульт ажлаа эх­лүүлжээ. Хельмут Колийн засаг­лалын үед Германы Парла­ментад сонгогдож, Хельмут Коль өөрөө эмэгтэйчүүд, хүүхдийн асуу­дал эрхэлсэн сайдад нэрийг нь дэвшүүлж байсан гэнэ.

Улмаар 1994-1998 онуудад Лотаром де Мезьемын засаглалын үед засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогчийн үүрэгт албанд томилуулсанд “Колийн охин” гэх хочийг хүртэл зүүлгэсэн байна.

Мөн тэрбээр Байгаль орчны сайдын албыг ч мөн хашиж байжээ. 2000 оноос Христийн Ардчилсан Намын тэргүүнээр сонгогдож Колийн халааг авч таван жилийн хугацаанд сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвар­тайгаа нотлон харуулсан байна.

6. “Мөнхийн” канцлерийн карьерийг дуусгав

1999 онд Улс төрийн ертөнцөд Ангела Меркель шинэ тоглогч байлаа. Гэсэн ч, өөрийг нь улс төрд орж ирэхэд нь тусалсан Германы нэртэй улстөрч, “мөнхийн” гэх тодотгол бүхий канцлер Хельмут Колийн карьерийг дуулгахад тэрбээр гол үүрэг гүйцэтгэжээ.

Хэдхэн сарын дотор Меркель намын даргаар сонгогдсон бол эсрэгээр Х.Коль түүх болон үлджээ. “Ангела Меркель Х.Кольны ар нуруу руу хоёр удаа хутга дүрсэн” хэмээн Германы улс төрийн албаны сэтгүүлч Карл Фелдмейер нэгэнтээ дурссан удаатай. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа Германы соёлын сайд асан Махаел Науманн оройн зоогийн үеэр Кольны хажууд сууж хооллож байхдаа “Коль, тэр яг юу хүссэн юм бэ?” гэж асуухад нь, Коль “Эрх мэдэл” хэмээн товчхон хариулсан гэдэг.

Түүнчлэн Х.Коль өөр нэгэн найздаа Меркелийн манлайллыг эхлүүлэхэд тусалсан нь түүний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа гэж дурсаж байжээ. Коль “Алуурчнаа би өөрөө бий болгосон. Би өөрөө өөрийнхөө гар дээр могой авчирч тавьсан” гэж ярьж байв.

7. Меркель нохойнд дургүй

2007 онд Путинтэй уулзах үеэр Оросын ерөнхийлөгч өрөөндөө нохойгоо оруулж ирж, Ангела Меркелийг нэг сайн айлгаад авсан гэнэ. Меркель нохой болон мориноос үнэхээр их айдаг аж.

Үүнийг зориудаар Меркелийг айлгах гэсэн оролдлого гэж үздэг байна. Меркелийн уулзалтын үеэр айж балмагдсан байдалтайгаар сууж буй зургийн интернэтээс хайж үзвэл ядах юмгүй олох гэнэ. Уулзалтыг сурвалжлахаар очсон байсан сэтгүүлчид Меркель маш их уурласан ч, биеэ барихыг хичээж байсан. Нэг үгээр хэлэхэд тэр “В.Путиныг цохиод авахад ч бэлэн байсан” хэмээн дамжуулж байжээ.

Сүүлд Меркель Путины энэ үйлдлийг тайлбарлахдаа “Орос улсад гайхуулаад байх зүйл ховор байсан тул тэр сул талаа нөхөхийн тулд ингэсэн” гэж ярьж байжээ. Харин хожим Меркель В.Путины тэрхүү үйлдлийг сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Би түүнийг яагаад тэгснийг ойлгосон. Тэр эр хүн шүү дээ. В.Путин сул дорой харагдахаас айсан. ОХУ улс төр, эдийн засагт гаргасан амжилт байхгүй” хэмээжээ.

8. Тэр хүүхэд төрүүлж байгаагүй

Ангела хоёр ч удаа нөхөрт гарсан ч, хүүхэд төрүүлж байгаагүй. Анх 1977 онд Ангела физикч Улрич Меркелтэй гэрлэжээ. Гэвч тэдний гэрлэлт хэдхэн жилийн настай байсан аж. Хосууд гэрлэснээсээ хойш таван жилийн дараа буюу 1982 онд тус тусын замаа хөөхөөр шийджээ.

Харин 16 жилийн дараа Ангела химийн ухааны профессор Иоахим Суаертай дахин гэрлэсэн юм. Ийнхүү Ангела хоёр удаа гэрлэсэн ч, хүүхэд төрүүлээгүй.

Гэхдээ Иоахим Суаер хоёр дагавар хүүхэдтэй аж. Түүний химич нөхөр тэр бүр хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байдаггүй бөгөөд 2005 онд эхнэрээ тангараг өргөх үед л олны өмнө гарч байжээ. Тэрбээр химийн лабораторитоо байхыг илүүд үздэг аж.

9. Меркель бусад төрийн тэргүүнүүдийг элэглэх дуртай

Ухаалаг, даруухан харагддаг Меркель туйлын шооч нэгэн гэнэ. Тэрбээр хэд хэдэн удаа бусад орны төрийн тэргүүнүүдийг элэглэж, тоглоом шоглоом хийж байсан удаатай аж.

Энэ зан нь Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабеттай адил сайхан сэтгэгдлийг хүмүүст төрүүлж, олон хүнийг өөртөө татаж чаддаг байна. Германы сэтгүүлчидтэйгээ хийх албан бус уулзалтынхаа үеэр Меркел гадаадын төрийн тэргүүнүүдийг дуурайж шоглодог байна.

Тэрбээр эдүгээг хүртэл Коль, Путин, Саудын Арабын хаан Абдулла, 16 дугаар Пап Бенедикт, Аль Гор нарыг хэд хэдэн удаа дуурайн элэглэж байсан аж. Ангела нэгэн удаа Францын Ерөнхийлөгч Николас Саркозитай евро бүсийн хямралын талаар ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд түүний хэл хэрхэн чичирч байсан тухай ярьсан байна.

10. Түүний хоч нь “ээж”

Германы олон нийт Меркелийг “Мутти”, “mum” гэх зэргээр нэрлэдэг гэнэ. Түүний хувийн амьдрал бусадтай л адил онцгойрох зүйлгүй. Амьдрах байраа өөрөө сонгож, хүнсээ өөрөө цуглуулж, хоолоо өөрөө хийдэг. Түүний арвич хямгач байдал энэ хочийг авахад нөлөөлжээ.

11. Оросын хоёрдугаар Екатерина хатныг хүндэлдэг

Тэрбээр Польш гаралтай Оросын хоёрдугаар Екатерина хатныг хүндэлдэг. Екатерина хатны хөрөг зураг түүний ажлын өрөөнд нь байдаг аж. Екатерина хатан 14 настай байхдаа Оросын Петер хаантай гэрлэж байсан гэдэг.

Нэг талаар Катерина хатан, Меркел хоёрын амьдралд төстэй зүйл байдаг тухай орон нутгийн сонинд бичигджээ. Тэд хоёулаа танил бус орчинд амьдарсан.

Меркелийн хувьд зүүн Германд өссөнийг ийн өгүүлжээ. Мөн тэд эрчүүдийн эрх мэдэл давамгайлсан нийгэмд хоёул амжилт гаргаж чадсан байна.

12. Меркел хөлбөмбөгт туйлын дуртай.

Меркель хөлбөмбөгийн хор­хой­тон. Тэр тусмаа Герман машинуудын номер нэг шүтэн бишрэгч нь аж. Өнгөрсөн жил Бразильд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр суудлаасаа босон багаа дэмжиж байсан 60 настай хөлбөмбөгийн фенийг уншигчид санаж буй биз ээ.

Тэмцээний үеэр канцлер улсынхаа тамирчдын хувцас солих өрөөнд зочилж, дунд нь зогсон зургаа даруулж, 10 настай хөлбөмбөгийн хорхойтон шиг л харагдаж байсан тухай “Дэйли Мэйл” сонинд бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48552
0 эможи
keyboard_arrow_up