Трампыг огцруулахад 10 саяыг АМЛАВ
Америкийн “Хастлер” порно сэтгүүлийн эзэн Ларри Флинт ерөнхийлөгч Д.Трампыг Цагаан ордноос огцруулах материал гаргаж ирсэн хүнд арван сая ам.долларын шан өгөхөө амлажээ.
Ларри Флинт “Вашингтон пост” сонины баасан гаригийн дугаарт бүтэн нүүр зар тавьж, Д.Трампыг огцруулахад хангалттай баримтыг арван сая ам.доллараар худалдаж авна гэжээ.
Д.Трампын засгийг “хууль бус” гэж нэрлэсэн Ларри Флинт хэлэхдээ “Өнгөрсөн есөн сарын хугацаанд Д.Трамп эрх мэдлийг хэрэгжүүлж таарахгүй, аюултай хүн гэдгээ нотолсон” гэжээ. Ларри Флинт АНУ-ын ерөнхийлөгчийг огцруулах зургаан шалтгаан тоочсоны дунд ерөнхийлөгчийн сонгуульд хуурч мэхлэх замаар ялалт байгуулсан, гадаадын дайснуудтай хуйвалдсан, ашиг сонирхлын асар зөрчилтэй бизнесээ дотоод, гадаад бодлоготой хольж хутгасан гэж буруутгасан байна.
Америкийн алдартай порно сэтгүүлийн эзэн 74 настай Флинт Хиллари Клинтоны дэмжигч бөгөөд сонгуулийн үеэр ОХУ-ын засгийн газартай хуйвалдсаныг нотлох санхүүгийн баримт сэлт, хөрөнгө оруулалт, татвартай холбоотой Д.Трампыг огцруулж чадах, “дарьтай торх шиг” шуугиан тарих чухал нотолгоо гаргаж ирсэн хүнд дээрх шанг амласан юм.
2016 оны аравдугаар сард Ларри Флинт мөн Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль зөрчсөн эсвэл ёс зүйгүй авирласан үйлдлийг нь гэрчлэх видео, аудио бичлэг гаргаж ирсэн хүнд нэг сая ам.долларын шан харамж амлаж байсан билээ.
Цагаан ордон Ларри Флинтын дээрх мэдэгдэл, шан харамжийн хариуд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй гэнэ.