Хөх хотынхонд замын түгжрэлээс хэрхэн гарах хичээл заая

2017 оны 10 сарын 04

Дэлхий дээр манайхтай адил автозамын түгжрэлтэй орон байдаг юм байна. Бүр бидэнтэй адил хөх толботой хүмүүс шүү. Дэд бүтцийн хөгжлөөрөө Азидаа байтугай, дэлхийд тэргүүлдэг, хэдэн давхар автозамтай Хөх хотын иргэд хоёр цаг түгжирдэг гэнэ ээ. Газар нутаг нь Улаанбаатарыг дөрөв нийлүүлсэн юм шиг, Энхтайваны гүүрийг хоёрыг давхарласан мэт автозамын дэд бүтэцтэй атлаа манайхаас ганцхан сая хүн илүү амьдардаг тэр том хотод цагаас дээш хугацаагаар түгжирнэ гэхээр итгэмээргүй.

Тэгтэл Өвөрмонголчууд чинь ёстой дүүрчихсэн тэнэг улс юм гэнэ. Автозамд түгжрэл үүсчихээд байхад л, эгнээ байраа сольж, сүлждэггүй, урдуур хойгуураа оролцдоггүй гэнэ. Яг л замын хөдөлгөөний дүрмийн дагуу эгнээ байраа эзэлж явдаг аж. Ийм тэнэг юм чинь цаг түгжрэлгүй яах вэ. Гэр, сургууль руугаа яардаггүй нь сайхан юм. Хөх хотынхон жаахан авхаалж самбаатай байвал таарна. Манайхан бол ингэхгүй. Зай засвар л гарвал жолооны хүрдээ дарж ороод эгнээгээ сольчихно. Ямар ч их түгжрэлтэй байсан сүлжээд л явчихаж байгаа юм чинь. 
Өвөрмонголчуудын хоёр цаг түгжирдэг замыг Монгол жолооч ихдээ л 40 минутад сүлжинэ. Жаахан үнэтэй, том машин уначихвал бүр ч сүйхээтэй. Маяк гялалзуулаад, болохгүй бол цагдаа руу салаавч гаргачихаад, урсгал сөрөөд л явчихна. Ер нь энэ Өвөрмонголчууд Улаанбаатарт ирж жолоо баривал онигоонд орох байх шүү. Яагаад гэвэл Улаанбаатарт зөвхөн эмэгтэйчүүд л түгжрэлийг сүлждэггүй юм. Адилхан хөх толботой Монгол туургатан байна даа. Түгжрэлийг хэрхэн даван туулах вэ гэдгийг Өвөрмонголчуудад зааж өгье. Монголчууд аль эртнээс бартаа саадыг даван туулсаар ирсэн ард түмэн шүү.


Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47746
0 эможи
keyboard_arrow_up