Германы анхны ижил хүйстэн гэр бүл Ням гарагт бүртгүүлнэ
Олон жилийн тэмцлийн эцэст Герман улсын ижил хүйстнүүд ирэх Ням гарагт анх удаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх гэж байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд тус улсын хууль тогтоогчид ижил хүйстнүүдийн гэрлэх эрхийг баталгаажуулснаар Германы 94,000 ижил хүйстэн хосуудад боломж нээгдсэн юм. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа аравдугаар сарын 1 ажээ.
Гэсэн хэдий ч тэдний бүртгэлийг ирэх он гартал системд оруулж чадахгүй болсон нь засгийн газрын онлайн бүртгэлийн системд “эхнэр”, “нөхөр” гэснээс өөрөөр бүртгэх боломжгүй байгаатай холбоотой гэнэ.
Европын орнуудаас Нидерланд улс 2000 онд анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн бол өнөөдөр нийтдээ 15 улс болоод байна.
Ижил хүйстнүүдийн харилцааг Германчуудын 75 хувь нь дэмждэг болсон нь 2017 оны санал асуулгын дүнгээс харагдаж байгаа юм.
Тиймээс шинэ хуулийг Германчууд төдийлөн эсэргүүцэхгүй хүлээн авч байна. Канцлерь Ангела Меркелийн консервативууд ийм харилцааг 12 жилийн турш эсэргүүцэж байснаа энэ жил бодлоо өөрчлөөд байгаа нь энэ сард болсон парламентийн сонгуультай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар Христийн Ардчилсан Нам олонхийн суудлаа хадгалж, хатагтай Меркель дөрөв дэх удаагаа канцлерийн суудалд заларсан.
Гэхдээ бүгд ижил хүйстний харилцааг шууд хүлээн зөвшөөрөөгүй байна. Тухайлбал Баварийн хуучинсаг засаг захиргаа шинэ хуулийн эсрэг хориг тавихаар бэлдээд эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Хойд Америк, Өрнөд Европын орнуудын ихэнх нь ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан байна. 2014 онд Эстони улс зөвшөөрөх болсон нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас анхных болсон юм.
Өмнөд Америкт Аргентин, Бразил, Колумби, Уругвай улсууд, Африкт ганцхан Өмнөд Африкийн БНУ, Ази, Номхон Далайн бүсэд ганцхан Шинэ Зеланд улс зөвшөөрдөг болоод байна.
Эх сурвалж: AFP