Данийн гүнжид “приус” авч өгье
Данийн хаан ширээ залгамжлагч Фредрикийн гэргий, гүнж Мери хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө унадаг дугуйны урд сагсанд суулгаад явж байгаа талаар цахим хуудсаар таржээ.
Бүхэл бүтэн улсийн хаан ширээ залгамжлагчийн гэргий, гүнж юм байж нэр нүүрээ боддоггүй юм байх даа. Хаан ширээ залгамжлагчийн гэргий гэхээр манайхаар бол тэргүүн хатагтай болох хүнээ Даничууд явган явуулж, өөрөөр нь хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуульд нь зөөлгөж л байдаг дүүрчихсэн хүмүүс юм даа.
Манайхан бол яавч ингэхгүй. Тэр тусмаа төрийн томчууд маань ингээд явж байвал ёстой нүдний булай болдог юм байгаа биз дээ. УИХ-ын гишүүн унадаг дугуйгаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өглөө гэвэл насны онигоонд орно. Том том жийпнүүдээ унаж, дарга нар жолоочоороо хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргүүлнэ, тосуулна. Адаглаад гоё машинаа сургууль, цэцэрлэгийнх нь орчимд тавьж, хөрөнгөтэй айлын бүлтэй хүн гэдгээ гайхуулна.
Өндөр төлбөртэй, нэртэй сургуульд хүүхдээ сургаж байж өөрсдөө навсайгаад явалтай биш. Манай томчууд бол брэндийн бэлэг солилцож, бэл бэнчингээ гайхуулдаг хүмүүс болохоор нэгнийхээ дор орно оо л гэж байхгүй. Ер нь ч тэгээд хөрөнгө чинээтэй гэдгээ харуулах ёстой, том дарга гэдгээрээ гайхуулах ёстой. Ингэлээ гээд хариуцлага хүлээхгүй болохоор бүр ч сайхан. Түүнчлэн төсвийн мөнгөнөөс шатахуунаа хийлгэчихдэг, төрийн машин уначихна. Ямар ч асуудалгүй. Төрөө дээдэлдэг Монголчууд түшээдээ, дарга нараа, баячуудаа ингэж хайрладаг гэж тэр Данийн ард түмэнд дамжуулаад өгөөрэй. Ядаж бензин бага иддэг “приус” авч өг гэж Засгийн газарт нь ч дуулгачих юмсан.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ