Дэлхийн 64 орны 4,000 хосын хуримын ёслол болжээ
Эв нэгдлийн сүм гэгч шашны урсгалыг дагагчдын бөөнөөр үйлддэг хуримын ёслол өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгост болж өнгөрчээ.
Сүн Мюн Мүүний үндэслэн байгуулсан гэх уг шашны урсгалыг товчилж Мүүн гэж нэрлэдэг. Өчигдөр болсон хуримын арга хэмжээнд дэлхийн 64 орны 4,000 хос оролцсон байна.
Үүнээс гадна интернэтээр 20,000 хүн дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон гэж тус байгууллагаас мэдээлжээ. Сөүлээс зүүн хойд зүгт 80 км зайтай байрлах Гапён хотын Чон Шим Дэлхийн Энх тайвны Төв хэмээх байгууламжинд 30,000 дагагч цугларч, энэхүү арга хэмжээний гэрч болсон байна.
Сүмийг үүсгэн байгуулагч Мүүн 2012 онд 92 насандаа таалал төгссөн. Өчигдрийн арга хэмжээг түүний бэлбэсэн эхнэр Хак Жа Хан удирдан явуулжээ.
1992 онд Мүүн өөрийгөө болон эхнэрээ гэгээнтэнд өргөмжилж байсан юм.
Энэхүү шашны урсгалын дагагчид хэнтэй гэрлэхээ мэддэггүй, шашны тэргүүлэгчдийнхээ зааж өгсөн хүнтэй ингэж хуримладаг гэдэг.