Копенгагены их сургууль Бейонсе судлалын хичээлтэй болов
Дани улсын Копенгагены их сургууль Америкийн алдарт дуучин Бейонсе судлалын хичээлтэй болжээ. “Бейонсе, жендер, арьсны үзэл” хичээл нь “Урлаг ба соёл” хэсгийн бүрэлдэхүүн байх аж. Санаачлагч профессор Эрик Стейнског “Бид дуучны дуу, клипүүдийг жендер, эр эмийн харилцаа, арьсны үзлийн үүднээс судлах болно. Бидний нэг зорилго бол хар арьст эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар судлах юм.
Бейонсе бол өнөө үеийн хамгийн алдартай хар арьст эмэгтэй уран бүтээлч. Тиймээс амьдарч буй эрин үеэ судлахад тэрбээр маш чухал хүн. Энэ хичээл дуурийн урлаг, утга зохиол судлалаас дутахгүй чухал байх болно” гэжээ.
Одоогийн байдлаар уг хичээлийг судлах хүсэлтэйгээ 75 оюутан илэрхийлээд байгааг санаачилга оночтой болсны илрэл хэмээн үзэж буй юм байна.