Европт хэт халж байна
Европын орнуудад хэт халуун үргэлжилж байна. Цаг агаарын онц үзэгдлийн улмаас Европын 10 улс аюулын хамгийн дээд буюу улаан төвшин тогтоожээ. Энэ тухай Европын цаг уурын сүлжээ байгууллагаас мэдээллээ. Тодруулбал Итали, Черногор, Босни Герцеговин, Хорват, Серб, Унгар, Румын, Польш, Швейцарь, Словени улс аюулын улаан төвшин тогтоожээ. Харин Испани, Франц, Грек, Македони, Болгар улс дэд буюу улбар шар төвшин зарласан байна. Эдгээр улс оронд агаарын температур өдөртөө цельсийн нэмэх 40 хэм давж байгаа гэнэ. “Guardian” сонинд нийтэлснээр, Румын болон Польш улсад хэт халууны улмаас хоёр хүн нас барж, хэдэн арван хүн эмнэлэгт хүргэжээ. Европт хэт халуун энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа аж.