АТМ 50 нас хүрлээ
Хүмүүс дахиад хэдэн арван жилийн туршид мөнгөн дэвсгэртийг хэрэглэх болно гэж Английн Төв банкны захирал Виктория Клиланд хэллээ. Тэрбээр анхны бэлэн мөнгөний машин /АТМ/ ажиллаж эхэлсний 50 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцсон байна.
Дэлхий дээрх хамгийн анхны бэлэн мөнгөний машин 1967 оны 6 дугаар 27-ны өдөр Лондон хотын зүүн хэсгийн Энфилд дүүрэг дэх Barclays банкны салбарын байранд нээгдэж байжээ.
Виктория Клиланд хэлэхдээ, Их Британийн иргэдийн 94 хувь нь АТМ-ийг байнга ашигладаг гэдгийг дурдсан байна. Мөн британичуудын талаас дээш хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа мөнгөн тэмдэгт ашигладаг ажээ.
Өнөөдөр Их Британи даяар 70 мянган ширхэг АТМ ажиллаж, тус улсын иргэд 176 сая ширхэг карт ашиглаж байна. Эдгээр картны тусламжтайгаар жилд 180 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгийг англичууд АТМ-ээс авдаг ажээ.
Өдгөө бэлэн мөнгөний машиныг “хайрцган доторх банкны салбар” гэж нэрлэх болсон байна. АТМ үйлдвэрлэгч NCR компанийн үзэж байгаагаар, нийт мөнгөн шилжүүлгийн 80 хувийг АТМ-ээр хийх боломжтой аж.
Дашрамд сонирхуулахад, Португал улсын 1 сая иргэнд 1516 АТМ ногдож байгаа нь Баруун Европын орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Харин бэлэн бус мөнгөний нийгэм байгуулах зорилт тавьсан Швед улсад хамгийн цөөхөн АТМ байдаг аж. Тус улсын 1 сая иргэнд 333 АТМ ногддог байна.