Дөрвөн америк хүн тутмын нэг нь дэлхий нарыг тойрдгийг мэддэггүй

2014 оны 2 сарын 20

Шинжлэх ухаанд хувьсгал хийсэн дэлхийн хамгийн алдартай одон оронч, физикч, математикчдын нэг Галилейн 450 насны ойн маргааш буюу 2014 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр АНУ- ын Үндэсний шинжлэх ухааны сангаас нэгэн энгийн судалгааны хачирхалтай үр дүнг танилцуулжээ. Энэ талаар “TIME” сэтгүүлд нийтэлснээр, дөрвөн америк хүн тутмын нэг нь дэлхий нарыг тойрон эргэдгийг мэддэггүй болохыг тус сангийн судалгаагаар олж тогтоосон байна. Энэ нь бараг 78 сая буюу алдарт эрдэмтний эх орон болох Италийн 1632 оны үеийн хүн амаас зургаа дахин олон хүн энэхүү энгийн зүйлийг мэддэггүй болж таарчээ. Энд тодотгосон 1632 онд Галилей дэлхийг нар болон бусад гаригууд тойрч эргэдэг гэсэн тухайн үеийн онолыг няцааж, дэлхий болон бусад гаригууд нарыг тойрч эргэдэг хэмээснийхээ төлөө насаараа гэрийн хорионд суух ял сонссон жил юм. Гэвч түүнээс хойш хэдийнэ дөрвөн зуун хагас өнгөрчихөөд байхад америкуудын 25 хувь нь дэлхий нарыг тойрч эргэдгийг мэдэхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Европын холбоо энэ шалгалтад үүнээс ч дор дүн авсан буюу 36 хувь нь одон орны ийм энгийн мэдлэггүй байгаагаа харуулсан байна. Тэр бүү хэл дэлхий хавтгай гэж итгэдэг хүмүүс ч бидний дунд байсаар байгааг тус сангийн судалгаа харуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
446
0 эможи
keyboard_arrow_up