Кубын "Gran Hotel Manzana" зочид буудалд нэг шөнө хоноход 2500 ам.доллар
Куба улсын анхны тансаг зэрэглэлийн зочид буудал нээлтээ хийлээ. "Gran Hotel Manzana" нэртэй энэхүү таван одтой зочид буудалд нэг хоног хоноглоход дээд тал нь 2500 ам.доллар төлөх юм байна.
Кубын нийслэл Гавана хотын төвд байрласан энэхүү зочид буудал нь Швейцарын Женевт төвтэй "Kempinski Hotels" группт харьяалагддаг аж. Нийт 246 өрөөтэй, 50 нь люкс өрөө байна. Түүнчлэн зоогийн хоёр, уушийн дөрвөн газартайгаас гадна дээвэр дээрээ усан сантай гэдгээрээ онцлог ажээ. Анх европ хийц загвараар баригдсан барилга нь 1917 онд ашиглалтад орж байжээ. Харин дараа нь барилгыг бүхэлд нь шинэчилж засвар хийсэн байна. Барилгыг шинээр засварлах ажлыг товлосон хугацаанд дуусгах зорилгоор Энэтхэгээс олон тооны ажиллах хүч авсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Иргэдийн дундаж цалин нь сарын 30 ам.доллар байдаг Куба улс гаднаас ажиллах хүч тэр бүр аваад байдаггүй гэж ажиглагчид онцолжээ.
bloomberegtv.mn