Ээжтэйгээ ӨНДӨГ ЗАРЖ БАЙСАН ХҮҮ Солонгосын ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
БНСУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч Мүүн Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуульд хол тасархай ялалт байгууллаа.
Огцроод буй өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн аавын эсрэг байр сууриа илэрхийлснийхээ төлөө шоронд сууж байсан Мүүн Жэ Ин гэж чухам хэн бэ?
Пак Гын Хэ одоо авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шоронд шүүх хурлаа хүлээн суугаа бол Хойд Солонгосоос гэр бүлийнхэнтэйгээ дүрвэн ирж, өлсөж үхэхгүйн тулд ээжтэйгээ хамт өндөг зарж байсан Мүүн Жэ Ин Өмнөд Солонгос улсыг удирдахаар бэлдэж байна.
Мүүн Жэ Иний эцэг эх Солонгосын дайны үеэр Хойд Солонгосоос дүрвэжээ. 1953 онд түүнийг мэндлэхэд гэр бүлийнхэн нь БНСУ-ын өмнөд зүгт байрлах Гёже арал дээр амьдарч байсан аж. Тэрээр өөрийн намтардаа түүний аав олзлогсдын лагерьт ажиллаж байсан ба ээж нь Бусан хотод өндөг зардаг байсан талаар бичжээ.
1972 онд Мүүн Жэ Ин хуулийн их сургуульд элсэн орсон ч тэндээ удаагүй аж. Тэрээр Ерөнхийлөгч Пак Чун Хигийн дэглэмийн эсрэг хөдөлгөөн удирдсан хэргээр баривчлагдаж шоронд суусан ч удалгүй суллагдсан байна.
1976 онд тэрээр цэргийн албанд татагджээ. Цэрэгт байх хугацаандаа Мүүн Жэ Ин Хойд Солонгосын цэргүүд Америкийн хоёр цэргийг мод тайрсан хэргээр амийг нь хөнөөсний хариуд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс явуулсан цэргийн ажиллагаанд оролцсон гэдэг.
Үүнээс зургаан жилийн дараа тэрээр найз Рүү Мү Хёний хамтаар Бусан хотод иргэний эрхээр дагнасан хуулийн товчоог байгуулсан байна.
Түүнтэй хамт ажиллаж байсан Сёл Дон Илийн дурссанаар Мүүн Жэ Ин шүүх хуралдаа олон цагийн турш бэлддэг байсан ба түүн дээр тусламж хүсэн ирсэн иргэдэд тэрээр маш анхааралтай ханддаг байсан гэнэ. “Ажилчид түүнээс зөвлөгөө авахаар ирэхэд нь Мүүн тэднийг хэдэн цагийн турш ч хамаагүй анхааралтай сонсон суудаг байсан.” хэмээн Сёл Дон Ил Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мүүн Жэ Ин болон Рүү Мү Хён нар Өмнөд Солонгос даяар давалгаалсан Ардчиллыг дэмжих хөдөлгөөнийг эхлүүлсэн гол эрхмүүдийн нэг ба үүний үр дүнд 1987 онд БНСУ-д анхны ардчилсан сонгууль явагджээ.
Тариаланчдын гэр бүлээс гаралтай Рүү Мү Хён улс төрд орохоор шийдсэн бол Мүүн Жэ Ин шүүхийн танхимд ардчиллын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээр Бусандаа үлджээ.
2003 онд Рүү Мү Хён БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон, Мүүн Жэ Ин түүний хамгийн ойрын зөвлөхүүдийн нэгээр ажиллан, “Рүүгийн сүүдэр” хочийг хүртэл авч байжээ.
Улс төрч Чой Нак Жёний хэлж байгаагаар Мүүн Жэ Ин тэр үед “маш ичимхий”, “хачирхалтай” хүн байсан гэнэ. Мүүн Жэ Ин ч үүнтэй санал нийлж байгаа талаараа, “Тэр үед надад ямар ч тухгүй, эвгүй санагддаг байсан. Тэр ажил надад ер тохирохгүй юм шиг байнга санагддаг байсан. Яг л өөртөө таараагүй хувцсаа өмсч явж байгаа мэт. Би үргэлж л буцаад өмгөөлөгчийнхөө ажилдаа орно гэж боддог байлаа.” хэмээн бичсэн байна.
Рүү Мү Хёний засаглалын үед түүнд авлига, хээл хахуультай тэмцэх үүргийг хүлээлгэсэн ба ажиллах явцдаа тэрээр шүүмжлэлд ч өртөж байв. 2007 онд НҮБ-аас Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа талаар гаргасан тогтоолд БНСУ-ын зүгээс санал өгөхөөс татгалзжээ. Энэхүү шийдвэрийг Рүү Мү Хёний засгийн газар, тэр дундаа Мүүн Жэ Ин Хойд Солонгосын эрх баригчидтай үгсэн тохиролцсоны үндсэн дээр гаргасан хэмээн буруутгаж байжээ.
2009 онд Рүү Мү Хёнийг 6 сая ам. долларын авлига авсан хэргээр буруутгасан байна. Тэрээр удалгүй амиа егүүтгэн нас барсан явдал нь Мүүн Жэ Иний хувьд хүндээр туссан гэдэг. Мүүн Жэ Ин өөрийн намтардаа, “Жоохон уухаараа би өнгөрснөө дурсдаг юм. Тэгээд би өөрөөсөө асуудаг, “Рүү Мү Хён миний амьдралд яг ямар байр суурьтай байсан юм бол оо?” гэж. Тэр миний амьдралыг тодорхойлсон. Түүнтэй таараагүй бол амьдрал маань тэс өөр байх байсан. Тийм ч учраас тэр миний хувь тавилан байжээ.” хэмээн бичжээ.
Эхнэр, хоёр хүүхэдтэй Мүүн Жэ Ин ийнхүү бодохдоо найз Рүү Мүн Хёгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэн байх. Тэрээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Пак Гын Хэд ялагдсан билээ. Гэсэн хэдий ч тэрээр парламентын гишүүн болсон юм.
20 гаруй жилийн өмнө Өмнөд Солонгост анхны ардчилсан сонгууль явагдахад нөлөө үзүүлсэн Мүүн Жэ Ин БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ирэх 5 жилд ямар үйл хэрэг бүтээх нь тодорхойгүй байгаа ч Хойд Солонгостой ойртох нь түүний хийх гэж зорьсон ажлуудын нэн тэргүүнд байх болов уу.
Энэ жил худалдаанд гарсан номондоо Мүүн Жэ Ин эцэг эхийнхээ төрсөн нутаг болох Хойд Солонгосын Хуннам хотод очих хүсэлтэй хэвээр байгаагаа онцолжээ. “Хүмүүст хуулийн үнэгүй зөвлөгөө өгч, Хуннам хотод насан эцэслэмээр байна. Энх тайван замаар дахин нэгдэх тэр үед би хамгийн түрүүнд 90 настай ээжийгээ дагуулан төрсөн хотод нь очно” хэмээн бичжээ.