Жуковын 102 ХӨШӨӨ байдаг
Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт өдөр бий. Харин баяр, гуниг давхацсан эргэн дурсахгүй байхын аргагүй өдөр бол өнөөдөр. 61 улсыг хамарсан, 70 сая хүний амийг авч одсон Дэлхийн II дайн дуусч, Ялалтын баяр тэмдэглэж эхэлсний 72 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс ЗХУ-ын холбоотон болохоор зарлаж, Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнүүлсэн. Энэ ч утгаараа уг баяр Монголчууд бидний ч баяр. Энэ өдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал, Монгол улсын баатар Г.К.Жуковыг дурсахгүй өнгөрч болохгүй. Тиймээс жил бүр түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг билээ.
Жагсаалын цэргээс Маршал болсон түүний амьдрал дардан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ түмэн бэрхшээл, мянган зовлонг гэтлэн Маршал болсонд гайхах хэрэггүй билээ. Ялангуяа 1939 оны Халх голын байлдаанд түүний байгуулсан гавьяа бидэнд илүү үнэ цэнэтэй. Тиймээс түүнд зориулж Монгол Улс 1981 онд хөшөө босгосон бөгөөд тэнд жил бүрийн хоёрдугаар сарын 23 буюу ОХУ-ын эх орончдын баярын өдөр болон Ялалтын баяраар хүндэтгэл үзүүлдэг.
Сонирхуулахад, Дэлхийд Г.К.Жуковын 102 хөшөө байдаг аж. Мөн түүний нэртэй гудамж, талбай зэрэг 190 газар байдаг ажээ. Үүний нэг нь Г.К.Жуковын нэрэмжит дурсгалын музей. Тус музейгаас жил бүрийн Ялалтын баяраар үзэсгэлэн гаргадаг. Энэ жилийн хувьд ЗХУ-ын 65 баатар эмэгтэйн баатарлаг гавьяаг олонд таниулах юм байна.
Дэлхийн II дайнд ЗХУ-ын 480 мянган бүсгүй эх орноо хамгаалан цэргийн албанд мордсон бөгөөд түүний 90 хувь нь улсын баатар болжээ.