Жанет Жексон бүл нэмлээ
АНУ-ын алдартай дуучин, “Жексон 5” гэр бүлийн хамтлагийн гишүүн асан Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Тэрээр өчигдөр амаржиж, хүүтэй болсон байна. Төрөлт ямар нэг хүндрэлгүй явагдсан талаар дуучны бие төлөөлөгч мэдэгджээ.
Жанет Жексон 2012 оноос Катарын тэрбумтан Виссам аль Манатай уулзаж эхэлсэн бөгөөд хосууд 2013 оны эхээр нууцаар гэрлэсэн юм. Жанет Жексон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхий тойрсон аялан тоглолтоо дуусгасныхаа дараа гэр бүлдээ анхаарал хандуулна гэж мэдэгдсэн. Улмаар аравдугаар сард нь түүнийг жирэмсэн болсон гэсэн мэдээлэл цацагдсан юм. Хосууд хүүдээ Иссу аль-Мана (Eissa Al Mana) хэмээх нэр хайрлажээ.
“Попын хаан” гэгддэг алдарт Майкл Жексоны дүү Жанет 1966 онд төрсөн бөгөөд долоон настайдаа анх тайзан дээр дуулж, есөн настайдаа A&M дуу бичлэгийн студитай гэрээ байгуулж байсан юм. 1986 онд гаргасан “Control” цомгоороо дэлхийн хэмжээний нэр алдарт хүрсэн тэрээр бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон цомог борлуулсан поп дуучны жагсаалтад дээгүүр эрэмбэлэгддэг юм.