Трампад зориулан алтаар бүрж, очир алмазаар чимэглэсэн iphone 7 худалдаанд гарчээ
Хүссэн бүх зүйл нь байдаг, баян чинээлэг хүнд бэлэг өгөх шаардлага тулгарсан үед яах вэ. Магадгүй дэлхийд байдаггүй, цор ганц зүйлийг бүтээж, бий болгох, эсвэл түүнд байдгаас илүү л зүйл олохын тулд толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох байх.
Жишээлбэл, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трампад ямар бэлэг өгөх вэ. Яг энэ асуултын хариултыг саяхан Хятадын нэгэн чинээлэг эмэгтэй олжээ.
Үйлчлүүлэгчдийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг алтаар бүрэх үйлчилгээ үзүүлдэг “Goldgenie” компанийн дэлгүүрт үйлчлүүлэгч эмэгтэй орж ирэн iphone 7 утсыг алтаар бүрж, очир алмазаар чимэглэн Доналд Трампын хөргийг сийлүүлэхийг хүсчээ.Ингэснээр түүний гэр бүл Доналд Трампыг ирэх нэгдүгээр сард албан ёсоор төрийн тэргүүний албан тушаалаа авах үед бэлэглэх хамгийн сайхан бэлэг болно гэж үзсэн байна.
Үйлчлүүлэгчийн уг хүсэлтийг компани хүлээн авч бүтээгдэхүүнийг бэлэн болгож борлуулснаас хойш яг ийм төрлийн есөн захиалга ирээд байгаа гэнэ. Очир алмаз шигтгэж, алтаар бүрсэн уг бүтээгдэхүүнийг 151 мянган ам.доллараар үнэлж байна.
Goldgenie компани үүнээс гадна хэрэглэгчийн хүсэлтээр саяхан унадаг дугуйг алтаар бүрсэн нь 350 мянган ам.доллараар үнэлэгджээ.
Goldgenie нь 1989 онд Лондон хотноо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Саудын Арабаас хамгийн их хүн зөвхөн тус дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд зочилдог гэнэ. Энэ тухай компанийн захирал Фернандо “Бид чинээлэг, хаан угсааны олон гэр бүлийн олон үйлчлүүлэгчтэй. Тэд Лондон руу ганцхан ширхэг утас авахын тулд ирдэггүй. Нэг үйлчлүүлэхдээ багадаа 5-10 утас алтаар бүрүүлэн худалдан авч нэгэндээ бэлэглэдэг” гэжээ. Goldgenie ирэх жилээс Катар, Малайз, Испани улсуудад салбараа нээхээр ажиллаж байна.