Дисней компани Муланы дүрд хэнийг тоглуулах вэ?
Мулан буюу баатарлаг Хятад эмэгтэйн домгоор хийсэн зурмал (animation) киноныхоо дараа Дисней компани бодит дүрслэлтэй хувилбарыг нь бүтээх болсноо 2015 онд зарласан.
Ингэхдээ тэд “ихэнх дүрд нь Хятад жүжигчин тоглуулна” гэж амлаж байв.
Домогт гардаг Хуа Мулан нь манай эриний зургаадугаар зуунд амьдарч байсан ба умардын нүүдэлчдийн эсрэг дайнд эцгийнхээ өмнөөс эр хүний дүрд хувилан оролцсон түүхтэй.
Тэгвэл Хятадууд энэхүү үндэсний баатраа “цагаан арьстнуудад” алдах вий хэмээн ихэд болгоомжилж эхэлжээ.
Диснейн дүр сонголтод нөлөөлөхийн тулд Хятадууд онлайн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь “Цагаан арьст Муланыг хүсэхгүй байгаагаа Диснейд хэлцгээе!” гэсэн уриатай.
Гэтэл уг хөдөлгөөн тэр дороо газар авч 100 мянгаад хүний гарын үсэг цугларчээ.
Хятадуудын ингэж санаа зовох болсон нь учиртай. Хамгийн сүүлд нэрт найруулагч Жан Имоу “Цагаан хэрэм” киногоо бүтээхдээ гол дүрд нь Холливүүдийн жүжигчин Мэтт Дэмоныг урьж тоглуулах болсон нь өргөн шүүмжлэлтэй тулгарсан юм.
Зарим эх сурвалжууд Муланы дүрд жүжигчин Женифер Лауренс тоглох болсон тухай мэдээлэх болсон нь Хятадуудыг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Мөн Ази жүжигчин сонгогдсон гэсэн цуурхал ч гараад байгаа юм.