Хойд Солонгос санамсаргүй байдлаар дэлхий нийтэд интернэт сүлжээгээ дэлгэжээ
Хойд Солонгосын дэглэм өөрийн интернэт сүлжээгээ гадаад ертөнцөөс хатуу чанд тусгаарлаж байдаг юм.
Тэгвэл өнгөрсөн Даваа гарагийн шөнө тэд санамсаргүйгээр өөрийн хаалттай сүлжээнд гаднаас нэвтрэх боломжийг хэсэгхэн хугацаанд нээлттэй орхижээ.
Энэ үеэр Github сайтын мэргэжилтнүүд Хойд Солонгосын домэйн нэрний серверт (ns2.kptc.kp) хандаж тус улсад ажиллаж байгаа бүх вэбсайтын нэрсийг авч чадсан байна.
Сонирхолтой нь Хойд Солонгост ердөө 28 вэб сайт ажилладаг болохыг эндээс мэджээ.Тэдний дотор Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA), Солонгосын боловсролын сан (Korean Education Funds), даатгалын компани, хоолны жорын сайт, онгоцны тийз худалддаг сайт зэрэг багтаж байсан байна.
Хамгийн сүүлд 2014 онд Хойд Солонгосын интернэт гарц тасалдах үеэр мөн ингэж серверүүд рүүгээ хандах боломжийг хэсэг хугацаанд гаргаж байжээ. Тэр үед Пьёньяны дэглэм Вашингтоныг энэ хэрэгт буруутгаж байсан юм.