Мэрилин Монрогийн бугуйн цагийг дуудлагаар худалдана
Мэрилин Монрогийн 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулах дуудлага худалдааны үеэр түүний хэрэглэж байсан "Blancpain"-ийн алмазан шигтгээтэй гоёлын цагийг 80 мянган ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байна. "Blancpain"-ийн тансаг зэрэглэлийн бугуйн цаг нь ойролцоогоор 71 алмаз болон очир эрдэнийн шигтгээ бүхий гоёлтой гэдгээрээ онцлог юм. "Julien"-ийн дуудлага худалдааг ирэх арваннэгдүгээр сарын 19-20-ний өдрүүдэд Холливуудад зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү дуудлага худалдаагаар Мэрилин Монрогийн хамгийн олон эд зүйлс буюу түүний хэрэглэж байсан 500 гаруй эд зүйлсийг худалдах юм байна. Тухайлбал Филипп Моррисийн найман тамхи, Мэрилин Монрогийн хэрэглэж байсан "Revlon" уруулын будаг болон нөхрийнх нь эзэмшиж байсан үнэт эдлэлийн хайрцаг гэх мэт олон зүйлс багтаж байгаа ажээ. "Дуудлага худалдааны үеэр 2-4 сая ам.доллар олно гэсэн хүлээлттэй байгаа" гэж "Julien" дуудлага худалдааны захирал Мартин Нолан мэдэгдсэн байна.