Америкийн сэтгүүлчид “Apple”-ийн үнэн төрхийг илчилжээ
Америкийн “Daily Mail”-ын сэтгүүлч Шанхай хотын захад байрлах “Apple”-ын гэрээт үйлдвэр болох “Pegatron”-д зочилсон байна. Тэрээр тус үйлдвэрт авсан гэрэл зургийн сурвалжлагаа цахим орчинд нийтэлснээс хойш дэлхий нийтийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Энэхүү сурвалжлагыг энэ сарын 11-нд хийсэн бөгөөд “Iphone 6” гар утас дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, хамгийн ашигтай байгаа оргил үе юм. Гэтэл дэлхийн хамгийн эрэлттэй, ашиг авчирч буй брэндийг үйлдвэрлэж байгаа хүмүүс ямар нөхцөл ажиллаж, амьдарч байгаа нь харамсмаар, эмгэнэлтэй байжээ.
Үйлдвэрийн ажилчид өдөрт 12 цаг ажилладаг, 8-12-уулаа жижигхэн давчуу өрөөнд хоригдол шиг амьдардаг. Нийтийн душ, бие засах газар, цайны газраар үйлчлүүлнэ. Бүх орчин нь шинэ жилээс хойш ямар ч цэвэрлэгээ хийгээгүй эмх замбараагүй, хир буртаг, тоос шороондоо дарагдсан. Сэтгүүлчийн дүгнэснээр үйлдвэрийн ажилчид амьгүй робот шиг ажиллаж байна. Ажилчид салхинд гарах бол зөвхөн үйлдвэрийн барилга дээр салхилна. Удирдлагын зөвшөөрөлгүйгээр гадагш гарах эрхгүй. Тэгэхээр энд хүний эрхийн тухай яриад нэмэргүй гэжээ.
Харин энэхүү сурвалжлага нийтлэгдсэний дараа үйлдвэрийн удирдлага ажилчдын ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулахаа амласан байна. Мөн энэ үйлдлээрээ дэлхийн хамгийн эрэлттэй “Apple” брэндийн нэр хүндийг унагаж байгаадаа харамссан байна гэжээ.