Теннисний бөмбөгний хэмжээтэй очир эрдэнийг дуудлага худалдаанд оруулна

2016 оны 5 сарын 07

Теннисний бөмбөгтэй дүйцэхүйц том хэмжээтэй очир алмазыг тун удахгүй Их Британийн нийслэл Лондон хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байна. Энэ очир эрдэнэ 3 тэрбум жилийн настай бөгөөд сүүлийн 100 гаруй жилд олдсон очир эрдэнүүд дунд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн оны 11 дугаар сард Өмнөд Африкийн Ботсвана улсын уурхайгаас илрүүлсэн энэ чулуу 1,109 каратын хэмжээтэй юм байна.

Ботсвана улсын иргэдийн дунд зарласан тэмцээний дүнд энэхүү аварга алмазанд “Леседи ла Рона” буюу “Бидний гэрэл” гэх нэр оноожээ. “Леседи ла Рона” нь хүн төрөлхтний түүхэнд олдсон үнэт эрдэнийн зэрэглэл бүхий очир алмазууд дундаас хэмжээгээрээ 2 дугаарт бичигдэж байна. “Сотбис” дуудлага худалдааны байгууллагын Их Британи дахь салбар энэхүү аварга үнэт чулууг ирэх сарын 29-нд Лондон хотноо дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Өнгөрсөн онд Женевийн дуудлага худалдааны үеэр “Блю Мүүн” буюу “Хөх сар” нэртэй өнгөлсөн, 12,03 каратын очир алмаз 48,5 сая доллараар зарагдаж, дээд амжилт тогтоосон. Хонконгийн тэрбумтан Жозеф Лау гэх эрхэм 7 настай охиндоо “Хөх сар” алмазыг бэлэглэсэн юм. Харин “Леседи ла Рона” очир алмаз “Хөх сар” алмазны тогтоосон дээд амжилтыг эвдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ очир алмазны үнэ 70 сая доллар хол давна гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байгаа юм.

Та бүхэнд сонирхуулахад, түүхэн дэх хамгийн том очир алмаз гэх цолыг “Куллинан” буюу “Африкийн их од” нэртэй очир алмаз өнөөг хүртэл хадгалсан хэвээр байна. Энэ алмазыг 1905 онд Өмнөд Африкаас олсон бөгөөд “Леседи ла Рона”-гаас бараг 3 дахин илүү буюу 3106 карат хэмжээтэй байсан гэдэг. Тус алмазыг 9 жижиг хэсэгт хуваан, Их Британийн эзэн хааны титэм, хааны гэр бүлийн бусад түүхэн ач холбогдолтой эдлэл хэрэглэлд шигтгэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32864
0 эможи
keyboard_arrow_up