Энэтхэгийн технологийн их сургуулиас татгалзсан хариу авсан ч MIT-г төгсчээ
Өдгөө 23 настай, харааны бэрхшээлтэй Шрикант Болла компаниа байгуулах гэж амаргүй замыг туулжээ. Харааны бэрхшээлийн улмаас түүнийг Энэтхэгийн технологийн их сургууль элсүүлэхээс татгалзсан юм. Харин өнөөдөр Шрикант дэлхийн хамгийн алдартай технологийн их сургууль болох MIT-г дүүргэж, 7,5 сая ам. долларын үнэлгээ бүхий компани байгуулжээ.
Харааны бэрхшээл түүний амьдралыг улам бэрхшээлтэй болгосон юм. Төрөлхийн хараагүй төрсөн түүнийг Андра Прадеш мужийн Ситарампурам тосгоныхон үхүүлэх хэрэгтэй гэж эцэг, эхэд нь зөвлөж байжээ.
Харин эцэг эх нь бусдын үгийг тоосонгүй. Гэвч сургуульд элсэн орсны дараа ангийнхан нь хүртэл харааны бэрхшээлтэй жаалыг гадуурхаж, хамт тоглохоос хүртэл татгалздаг болов. Хэдий тийм боловч Шрикант ангийнхаа хамгийн мундаг сурагч болж, шинжлэх ухаанд татагдаж эхэлжээ.
Дунд ангид ороод тэрээр шинжлэх ухааны хичээлд суухыг хүссэн ч сургуулийн захиргаа харааны бэрхшээлтэй хүн зөвхөн урлагийн хичээл д л сууж болно гэсэн шийдвэр гаргасан гэдэг.
Сонирхолтой нь Шрикант шүүхэд гомдол гаргаж, зургаан сар хүлээсний эцэст хүссэн шинжлэх ухаанаа судлах боломжтой болж, 98 хувийн үнэлгээтэйгээр ангиа дүүргэжээ.
Амжилт хүүгээс салахгүй хэвээр, гэвч харааны бэрхшээлээсээ болоод бусдад адлагдах нь ч хэвээр. Шаргуу хичээл зүтгэлтэй тэрээр дунд сургуулиа төгсөөд Энэтхэгийн хамгийн том технологийн сургууль болох IIT-д элсэн орох хүсэлт гаргалаа.
Гэвч IIT түүнийг элсэлтийн шалгалтад ч оруулахгүй гэсэн учир тэрээр “Хэрвээ Энэтхэгийн технологийн их сургууль намайг элсүүлэхийг хүсэхгүй байгаа бол, би ч гэсэн энэ сургуульд орохыг хүсэхгүй байна” гэж шийдээд АНУ-д суралцахаар шийджээ.
Шрикант MIT, Стэнфорд, Беркли, Карнеги Меллон гэсэн сургуулиудын элсэлтийн шалгалтыг амжилттай давж, эцэст нь MIT-д элсэн орохоор шийдсэн байна.
MIT-г төгссөнийхөө дараа Шрикант АНУ-д ажиллах том том боломжуудаа орхиж, оронд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж буй явдлыг зогсоохыг хүсжээ. Ингээд Энэтхэгтээ эргэн ирсэн юм.
Эргэж ирээд Hydeabad хэмээх ашгийн бус байгууллага байгуулж, хүсэл эрмэлзэлтэй, тусламж шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад туслах ажлыг эхлүүлжээ. Дижитал номын сайн байгуулж, Брайл ном хэвлэж, 3000 гаруй оюутан, сурагчдад зөвлөгөө өгсөн байна.
Үүнийхээ дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд оруулах хүслээ гүйцэлдүүлэхээр шийдлээ. 2012 онд Шрикант “Bollant Industries” компаниа байгуулав.
Тэрээр Энэтхэгийн NDTV телевизийн "2015 оны шилдэг Энэтхэг хүн" шагналыг авчээ
Түүний байгуулсан компани байгаль орчинд ээлтэй, тусгай навчаар урласан аяга, таваг, хоолны хэрэгсэл, нэг удаагийн таваг, халбага, сэрээ гэх мэт зүйлсийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Компанийн бизнес модель, хэтийн зорилго нь Рави Манта гэх хөрөнгө оруулагчид тун ихээр таалагдаж, Шрикантын зөвлөхөөр ажиллах болжээ.
Өнөөдөр Шрикантын байгуулсан энэ үйлдвэр улс даяар таван салбартай, 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан, жилийн нэг сая ам. долларын орлоготой том байгууллага болсон байна.
Одоо Шрикантын ойрын зорилго нь нийт ажилчдын 70 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн, тэдний ажиллах орчныг таатай болгосон тийм байгууллага болох. Бурхан түүнд харах нүд заяасангүй хэдий ч сэтгэл зүрх, хүсэл тэмүүлэл, зориг хатуужлыг харамгүй заяажээ. Өөрийн нүдээр гэрэл харж чадахгүй ч, Шрикант гэрэлт ирээдүйг “харж” байгаа.
Эх сурвалж: thebetterindiа