Дональд Трамп хэмээх дэлхийн брэнд хэрхэн бий болсон бэ

2016 оны 4 сарын 15

Тэрбумтан Дональд Трампыг мэдэхгүй хүн ховор. Түүний зөвхөн  нэр нь л гэхэд хэдэн арван сая ам.долларын үнэтэй брэнд. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Бүгд Найрамдах намаас өрсөлдөж буй энэ эрхэм хэрхэн баяжсан нь гайхмаар.

Трамп өөрийн хөрөнгөө 10 тэрбум ам.доллар хэмээн зарладаг хэдий ч эдийн засгийн мэргэжилтнүүд энэ тоонд маргаантай ханддаг. Тухайлбал Forbes сэтгүүлээс Трампыг 4.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэсэн бол “Wealth-X” компани 4.4 тэрбум ам.доллар, Bloomberg-ийн тооцоолсон тэрбумтнуудын жагсаалтад Трамп 2.9 тэрбум ам.доллартай гэж гарчээ.

Харин Трамп дээрх бүх тоог үгүйсгэн, "Миний хөрөнгө та нарын бодсоноос хамаагүй илүү" гэж нэг биш удаа мэдэгдэж байсан юм.

Түүний хөрөнгө мөнгөний тоо ийн зөрүүтэй байдгийн учир нь түүний компаниудын ихэнх нь хувийн бөгөөд хязгаарлагдмал хувьцаат компаниуд байдагтай холбоотой аж.

ЭЦГЭЭСЭЭ ӨВЛӨСӨН БИЗНЕСИЙН УХААН, ХӨРӨНГӨ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп хувийн бизнесээ эхлэхэд нь зориулан эцэг нь түүнд багахан хэмжээний мөнгө буюу нэг сая ам.доллар үлдээсэн гэж хэлсэн байсан юм.

Эцгийнхээ хамт

Ирээдүйн тэрбумтан Дональд эцгийнхээ бизнест туслахын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмен болно гэж мөрөөддөг байжээ. Сурч байх хугацаандаа аав Фредтэйгээ зөвлөсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авчээ.

Эцэг, хүү Трампын худалдаж авсан цогцолборыг улсаас санхүүжилсний дараа тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Энэ амжилттай наймаа ирээдүйн барилгын магнат, тэрбумтанд маш их урам хайрлажээ.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БИЗНЕСТ ХӨЛ ТАВЬСАН НЬ

Дональд өөрийн бизнесийн байгаараа Нью-Йорк хотыг онилж, "Энэ хот миний мөнгөний уурхай болно" гэж нэрлэдэг байжээ. Түүний хамгийн анхны томоохон төсөл бол баячуудын гэгдэх "Commodore" зочид буудлыг худалдан авсан явдал байлаа. Тухайн үед Манхэттены олон барилга эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хаалгаа барихад хүрээд байсан юм.

Түүнчлэн “Commodore” зочид буудал хагас сая ам.долларын өртэй байснаас гадна зочид буудал байрлах хороолол Нью-Йоркийн чинээлэг жуулчдын хувьд тийм ч таатай газарт тооцогддоггүй байв. Иймээс тус хөрөнгө оруулалт залуу бизнесмений хувьд маш их эрсдэл шаардсан алхам байлаа.

Ямар ч хүнтэй хэлэлцээр хийх чадвартай өөрийн онцгой чадвараа ашиглан тэрээр Нью-Йорк хотын эрх баригчидтай “Commodore” зочид буудлыг татварын хөнгөлөлтөөс сүүлийн 40 жилийн хугацаанд чөлөөлөх хэлэлцээрт хүрч чаджээ. Үүний ачаар залуу бизнесмен Дональд Трамп 160 сая ам.доллар хэмнэж чадсан байна. 1996 онд зочид буудлынхаа тал хувийг нь 142 сая ам.доллароор худалджээ.

Үүний дараа Трамп Нью-Йорк хотын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн хэвээр байв. Plaza, Bank of Manhattan-ий хуучин барилга зэргийг худалдаж авсан юм.

Гэхдээ 1983 онд 58 давхар, доороо дээд зэрэглэлийн дэлгүүртэй, гадна талдаа 24 метр өндөр усан оргилууртай, алдарт "Trump Tower" цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын "акул" болгосон юм. Түүний байгуулсан цогцолборт Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь үнэгүй сурталчилгаа болохоос гадна Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг одуудад төрүүлжээ.

Тэгвэл тэнгэр баганадсан тус цамхгийн дээд давхарт тэрээр гэр бүлийн хамт амьдардаг юм.

ДОНАЛЬД ТРАМП ГЭХ ДЭЛХИЙН БРЭНДИЙГ БИЙ БОЛГОСОН НЬ

Дональд Трамп дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “акул”-уудын нэг. Тэрээр Дональд Трамп гэдэг брэндийг 1980-аад оны үеэс эхлэн бий болгож эхэлжээ. Трампийн нэрийг ашиглах тусгай зөвшөөрлийг Trump Organization худалдаалж эхэлсэн нь түүний нэр хүнд улам өсөх шалтгаан болов. 

Тэгвэл Трамп гэдэг нэрийг ашигласныхаа төлөө өнөөг хүртэл мөнгө төлдөг олон компаниуд бий. Тухайлбал Trump Ocean Club, Trump Fine Foods гэх мэт олон компаниуд бий.

Түүнчлэн 1987 онд “Гэрээ хийх урлаг” номоо гаргасан нь түүний нэр хүндийг багагүй өсгөжээ.

БИЗНЕСИЙН ӨВӨРМӨЦ ХЭВ МАЯГ

Дональд Трамп яг л аав шигээ сохор зоос бүрийг хэмнэдэг гэдгээрээ алдартай. Хэрэв барилгын ажил чанарын өндөр түвшинд хийгдээгүй бол Трамп гэрээний төлбөрийг хийхээс татгалзах ч тохиолдол бий.

"Аль болох бага мөнгө төлөхийн тулд би эцсээ хүртэл тэмцдэг" гэж тэрээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ажил хэргээ ийнхүү явуулах түүний хэв маяг Трампыг хэд хэдэн удаа шүүхэд дуудагдахад хүргэсэн юм.

Хэдий эцэг Фредээс тусламж авч, бизнесийн гараагаа эхэлсэн ч өөрийн төрөлх араншин, зорьсондоо хүрдэг тууштай зан нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31718
0 эможи
keyboard_arrow_up