Ажилд авах боломжгүй гэсэн бичиг $4 тэрбумын чек болон хувирсан нь
Би та бүхэнтэй саяхан олж үзсэн нэгэн гайхалтай түүхийг хуваалцах гэж байна. Иймэрхүү түүхүүд ер нь л их сургамжтай байдаг шүү. Энэ түүх их товчхон бөгөөд бас их сонирхолтой. Ажилд орох тийм ч амар зүйл биш. Тэр тусмаа орж ажиллахыг хүсэж байсан байгууллагаасаа тэнцсэнгүй гэсэн мэдээг сонсох бүүр ч балай. Үүнийг бичих илүүц биз бараг хүн бүр л мэдэж байгаа байх. Тэхээр энэ түүхийн эзэн бол Brian Acton гэх залуу.
Brian Acton гэж хэн бэ? Эхлээд түүнтэй жаахан танилцацгаая. 1972 онд Мичиганд төрсөн тэрээр Станфордын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны зэрэгтэй төгсжээ. Сургуулиа төгсөөд Brian 20-р зууны томоохон компани, нисэх хүчин, сансар судлалын Rockwell International конгломератад системийн администратораар ажиллаж байгаад, улмаар Apple, Adobe Systems зэрэгт бүтээгдэхүүн шалгагчаар хэдэн жил ажилласан байна. Үүний дараа тэрээр 1996 онд Yahoo компанид 44 дэх ажилтан болон оржээ. Brian хэдийгээр амжилттай ажиллаж байсан хэдий ч 1990-ээд оны төгсгөл 2000 оны эхэн үеийн доткомын хөөсрөлтийн үеэр ихэнх хөрөнгө мөнгөө алдсан байна. Энэ үеэр хямраагүй хүн тун ховор байх.
2007 оны адагт Brian Acton Yahoo-гаас гарч жил гаруй хугацааг янз бүрийн улс орнуудаар аялж өнгөрөөв. Урт хугацааны аяллын эцэст 2009 онд 37 нас хүрсэн Brian цаашид юу хийж, яаж амьдрахаа шийдэх хэрэгтэй болсон байна. Ингээд тэрээр Facebook болон Twitter-т ажилд орох гэсэн боловч бүтэлгүйтлээр төгсжээ.
3 сарын зайтай хоёр ч дажгүй газраас татгалзсан хариу авсныг та бүхэн дээрх жиргээнээс харж байгаа байх. Үнэндээ бол Brian Acton-ы 11 жилийн ажлын туршлага тухайн үеийн шинэхэн залуучуудын чадварын хажууд 2 гаруй жилээр хоцрогдсон мэт байв. 40 хүрэх мэдрэмж мэдээж аймшигтай биз. Юм бүхнээс хоцорсон, хязгаарлуулсан мэт. Өөрийгөө үр ашиггүй, амжилтгүй мэтээр төсөөлдөг байх. Гэхдээ энэ залууг их өөдрөг үзэлтэй, өөртөө итгэл гэдгийг жиргэнээс нь хараад л шууд хэлж болохоор байна. It was a great opportunity to connect with some fantastic people. Looking forward to life’s next adventure. Мөн сэтгэл зүйн бэлтгэл сайтай, нугаршгүй чанга зан араншинтай ч гэж хэлж болох юм.
Brian Acton ба Jan Koum нар
Brian Acton бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр ажилд орлоо. Yahoo-д хамт ажиллаж байсан найз Jan Koum түүнийг 11 сард буюу Facebook-н ярилцлагаас 3 сарын дараа ажилд авчээ. Хамгийн хачирхалтай нь юу гээч Brian анх Jan Koum-г Yahoo-д ажилд авч байжээ. Харин одоо бүх зүйл яг эсрэгээрээ өрнөв. Jan Koum шинэ стартап эхлүүлэх гэж байсан бөгөөд Brian түүнд нь нэгдсэн юм. Brian Acton шинэ компанидаа цалингүй ажилладаг байлаа. Учир нь co-founder гэх хүндтэй дээд цол хэргэмийг хүртсэн аж. 2010 оны 1 сард тэд анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж Brian Acton-н хүчин чармайлт талаар болсонгүй. Харин 4 жилийн дараагаар тэд 19 тэрбум ам.доллараар бизнесээ Facebook-т худалдсан юм даа. Та бүхэн бараг юуны талаар ярьж байгааг ойлгож байгаа байх. Тийм ээ энэ бол Whatsapp.
Brian Acton-ы эзэмшиж байсан хувь тухайн үед 4 ам.тэрбум доллар байв. Өнөөдрийн байдлаар бол 4,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг үзүүлэлтээр дэлхийн тэрбумтнуудын 338 дугаар байрт жагсаж байна.
Энэхүү түүхээс олж авсан сургамж гэвэл хэзээ ч бүү бууж өг. Тэр тусмаа та өөрийгөө хөгширсөн, хэрэггүй болсон, үеэ өнгөрөөсөн гэж бодож байгаа бол дэндүү эндүүрчээ. Ирээдүйд юу тохиохыг та хэзээ ч олж мэдэхгүй, гагцхүү зогсолтгүй оролдож үзэх хэрэгтэй. Хэрвээ оролдохоо болих л юм бол таны бүх айдас бодит болон хувирна, та мартагдана, та дуусна, дараагийн том боломж хэзээ ч танд тохиохгүй. Зогсолтгүй оролдож байсан цагт сайхан зүйлс хэзээ нэг өдөр тохиох л болно.