Мега төслийн аварга хатагтай нар
Их Британийн газар доорхи төмөр замын сүлжээний мега төслийг уншигчдадаа сонирхуулая.
Хамгийн сайн нийтийн тээвэртэй Лондон хот
Долоон сая илүү хүн амтай Лондон хот нийтийн тээврээрээ алдартай. Энд 1863 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн дэлхийн хамгийн эртний, хамгийн үнэтэй, хамгийн урт метро бий. Метрогоор өдөрт гурван сая гаруй, жилд 1 тэрбум орчим хүн зорчдог. Энэ нь Лондонд жилд 244 миль газарт ойролцоогоор 1.1 тэрбум хүнийг зөөвөрлөдөг гэсэн үг юм. Автозамын түгжрэлийг бууруулах үүднээс, мөн Лондоны дагуул хот дүүргүүдийг холбосон зам харилцааг сайжруулах үүднээс энэ метрог ашигладаг. Гэсэн хэдий ч метроны сүлжээг өргөтгөх асуудал тулгарсаар иржээ.
Хотын төвөөр түгжрэл ихтэй тул таксинууд ердийн тарифаасаа илүү өртөг зорчигчдоос нэхдэг тул иргэдийн дийлэнх нь газар доорхи метрог сонгодог боловч захын дүүргүүд болон бусад хотууд руу зорчиход газрын гадарга дээрх нийтийн тээврийг сонгохоос аргагүйд хүрдэг зэрэг шалтгаанаар метроны сүлжээг өргөтгөхөөс аргагүй болжээ. Сүлжээг өргөтгөх бас нэгэн томоохон шалтгаан бол Лондоны олимп байлаа. Лондончууд түүхэндээ гурав дахь удаагаа олимп зохион байгуулах нь нэгэнт тодорхой болсон тул зоригтой хөдлөх хэрэгтэй байлаа.
Ер нь одоо байгаа Лондоны газар доорх төмөр зам буюу метроны сүлжээг өргөтгөх төсөл нь асар өндөр өртөгтэй, маш том хэмжээний бүтээн байгуулалт болох тул хийж зүрхлэлгүй XXI зуунтай золгосон юм. Ингээд 2009 оноос Их Британийн Засгийн газар, Лондон хотын захиргаа 23 тэрбум ам.долларын өртөгтэй аварга том мега төслийг эхлүүллээ. Төсөл 2018 онд ажлаа дуусгана.
Зардал
23 тэрбум ам.доллар гэдэг бол бүтээн байгуулалтын зардал нь өссөөр байгаа Оюутолгой төслийн нийт зардлыг бараг 2-3 дахин өсгөсөн хувилбар юм. Ийм их зардалтай мега төслийг эхлүүлснээр шинэ зууны эхэн үе дэх Европ тивд байхгүй томоохон төсөл эхлүүлсэнд тооцогдох болов. Энэ төслөөр Лондоны газар доорхи төмөр замын сүлжээг 73 миль буюу 117.5 км уртаар нэмж байгуулснаар Британийн арлын өрнө, дорно, өмнөд умардыг хэрж Лондоны төв хэсэг, Хитроу нисэх буудал зэрэг томоохон обьектуудтай холбох зорилготой. Одоогоор энэ төслийн 10000 ажилтны хүчээр 40 метроны буудал нэгэн зэрэг бүтээн байгуулж түүнийг ихэр тунелээр холбох ажил явагдаж байна.
Нэмж хэлэхэд энэхүү газар доорхи төмөр замын сүлжээг өргөтгөх мега төсөл нь Европт төдийгүй дэлхийд байхгүй том төсөлд тооцогдож байна. Хамгийн сайн нийтийн тээвэртэй хот гэх нэрээ хадгалахын сацуу улс хэмээх тодотголыг шинээр олж авах нь ч тодорхой.
Гайхамшигт Элизабет
Мэдээж хэрэг ямар ч мега төслийг хэрэгжүүлэхэд хүний оюун ухаанаар бүтээгдсэн технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй. Лондоны төмөр замын мега төсөл ч мөн технологийн гайхамшгуудыг бүтээсээр байна. Түүний нэг нь Элизабет. Англичууд гайхан биширч, хүндлэн дээдэлсэн бүхэндээ хатан хааныхаа нэрийг өгдөг. Тэгвэл мега төслийн хамгийн сонирхууштай энэхүү технологийн гайхамшгаа тэд Элизабет хэмээн харамгүй нэрлэжээ.
Энэ бол тунель ухагч машин. Газар доогуурхи тунель барих ажиллагаа хүний түүхийн бүхий л үед хувьсан өөрчлөгдсөөр бидний цаг үед англичуудын Элизабеттай золгоод байгаа нь энэ. Аварга “хатан” 550 тонн жинтэй бөгөөд 40 метрийн гүнд Лиммогийн хойгоос Фаррингтон хүртэлх тунелийг “Виктория” дүүтэйгээ хамт ухаж байна.
Викториа, Мэри, София, Ада
Мега төсөл хэрэгжүүлэгчдэд ганцхан Элизабет байгаа юм биш. Тэд тус бүр нь ойролцоогоор 1000 тонн жинтэй найман тунель ухагч машин ашиглаж байна. Дээр дурдсан Элизабет, Виктория хоёр машин Лиммогийн хойгоос Фаррингтон хүртэлх тунелийг ухаж байгаа бол Роял Оакаас Фаррингтон хүртэлх хэсгийг “Ада”, “Филлз” хоёр, Мэри, София хоёр Пламстидээс Хойд Вульвич хүртэл, Жессика, Элли хоёр Паддинг Милл Лэйнээс Степни Грийн болон Лиммогийн хойгоос Виктория боомт хүртэлх тунелийг ухаж байна.
Эхний зургаан машиныг хоёр хатан хаан, нэг гүнгийн ахайтан, нэг алдартай зохиолч, хоёр англичуудын хайрлан хүндэтгэдэг эртний инженерийн нэрсээр нэрлэж 2012 онд олон нийтэд ёслол төгөлдөр байдалтайгаар танилцуулж ажилд нь оруулсан бол сүүлийн хоёрыг нь одоо үед амьдарч байгаа хоёр тамирчин бүсгүйн нэрсээр нэрлэж 2013 оны наймдугаар сард “ажилд авсан” байх юм. Тодруулбал Британийн паралимпийн усанд сэлэлтийн аварга Элли Симмондс, хурдан гүйгч олимп, дэлхийн аварга Жессика Эннис Хиллийн нэрээр нэрлэжээ.
Хатагтай нар яаж ажилладаг вэ?
Эдгээр найман хатагтай хэрхэн газар доорхи ертөнцөд ажиллаж байгааг сонирхуулая.
Тунель ухагч аварга машинууд нүүрэн хэсэгтээ газрын гүний хад, чулууг нэвт зүсэх, бутлах маш сайн ган төмөр бүхий олон янзын ир суурилуулсан ба хайрга шороо болгон гаргах автомат дамжуургын системтэй.
Эхлээд ухагч машинаа урьдаас бэлтгэсэн газрын гүн дэх байгууламжийнхаа хамгийн урд хэсэгт найдвартай байрлуулж, дараа нь ухагч машины өөрийн ажиллагааны зарчмаар ухах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ухах ерөнхий зарчим маш энгийн бөгөөд хөшүүрэг, хийн даралтын харилцан хамаарлыг тооцож ухмалыг гүйцэтгэх, ухсан шороо, усаа ачиж зайлуулах, улмаар ухаж бэлэн болсон хэсэгт тунелийн ханаа угсарч явдаг аж.
Тунелийн ханын материал ямар хэсэгтээ бетон цутгамал, эсвэл бүрэн металл хийцтэй байхаас шалтгаалан аварга төхөөрөмжийнхөө дотор талд зөөж хүргэнэ. Зөөж хүргэсэн ханын материалыг ухагч машин автоматаар тунелийн хананд байрлуулж, бат найдвартай суурилуулна.
Эцэст нь
Дээр дурдсан 40 метроны буудлыг холбосон уртаас урт тунелиудыг барьж байгуулж дууссаны дараа метро явж өнгөрөх цахилгаан төмөр замыг барих томоохон ажил 2017 оноос эхэлнэ. Үндсэндээ тунель байгуулах ажилд л хамгийн их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байгаа аж. Харин тунель барьж дууссаны дараа метроны зам тавих ажлыг англичууд богино хугацаанд амжуулна гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд 2018 онд сүүлчийн бүтээн байгуулалтуудыг хийж, туршилтын тээврүүдийг хийснээр 2019 оны эхний улиралд дэлхийд хамгийн томд тооцогдох мега төслөө дуусгах юм.