Бангладешийн “модон хүн”

2016 оны 2 сарын 02

Абул Баяндарыг Бангла­дешийн баруун өмнөд хэсэгт орших төрөлх тосгонд нь Хүн мод хэмээн нэрлэдэг. Арван жилийн өмнөөс түүний гар, хөлөнд модны холтос мэт хачин зүйл ургаж эхэлжээ. Эрдэмтэд үүнийг дэлхийн шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй ховор өвчин хэмээн үзэж байна. Абул нийслэл Дакка хотод мэс засалд орохоор ирээд байгаа юм. “15 настай байхад хөлөн дээр хачин зүйл ургаж эхэлсэн. Анх ийм зүйл гарч ирэхэд жижигхэн, ердийн ургацаг гэж бодож байлаа.

Гэвч сүүлийн таван жилд модны мөчир, үндэс шиг маш хурдан ургачихсан” хэмээн 26 настай Баяндар хэвлэлд ярьжээ. Одоо хөвгүүний “мөчир” нь таван кг татах болж, гар нь гэхэд ямар ч үүрэггүй эрхтэн болон хувирчээ. Түүний бүх мөч нь ургаж, хөдөлмөрлөх чадваргүй болсон тул рикшо буюу дугуйт таксины ажлаа хийж чадахаа больж, найз бүсгүй болон ээжийнхээ асрамжинд орсон юм. “Хооллох, бие засах гээд бүх юманд хүний тусламж хэрэгтэй болсон. Гар, хөлөө хөдөлгөхөд өвчин, зовиур улам нэмэгдэх боллоо” хэмээн Абул Баяндар The Daily Star сонинд ярьж байв. “Арьсан дээр үүсдэг генетикийн энэ өвчин нь арьсны гажиг ургалт хэмээх нэн ховор өвчин. Хүн мод ч гэж нэрлэх нь бий” хэмээн Dhaka Medical College эмнэлгийн эмч Саманта Лалсен онцлов. Тэрээр Абулд хийх мэс заслыг удирдах юм.

Бангладешт “модон хүн” гарч ирсэн анхны тохиолдол нь энэ ажээ. Румынд нэг, Индонезид хоёр тохиолдол бүртгэгдсэн байдаг. Баяндарын гэр бүл энэ хачин ургалтаас сэргийлэхийн тулд сүүлийн арван жилд янз бүрийн арга зам хайсан аж. Эхэндээ дом, ардын эмнэлгээр явсан ч улам дордуулж орхижээ. Баяндар орон нутгийнхаа эмнэлэгт хандахад тэрхүү хачин үзэгдлийг нь мэдэх, тайлбарлах эмч олдоогүй тул хөрш Энэтхэг улсын Калькутта хотыг зорьжээ. Энэтхэг эмч нар “Мэс засалд орох шаардлагатай. Зургаан мянган доллар төлөх хэрэгтэй” гэсэн байна.

Түүний гэр бүл ийм мөнгө гаргах боломжгүй тул нутгийн сэтгүүлчдийн тусламжтайгаар өөрийн нөхцлөл байдлыг таниулснаар нийслэл Дакка хотод мэс засалд орохоор болоод байна. Бангладешийн хамгийн том эмнэлэг болох Dhaka Medical College-ийн эмч нар “модон залуу”-д үнэгүй мэс засал хийхээр болжээ. Гар, хөлөнд нь ургасан мод, үндсийг хаагуур нь хэрхэн тайрахыг судалж байгаа аж. Хөвгүүний илүү “ургамлыг” энэ тайрах ч тэр нь дахиад ургах магадлалтай хэмээн эмч нар үзэж байна. “Энэ өвчнийг бүрмөсөн эмчлэх боломж бидэнд байхгүй байх. Ямар ч байсан эхний ээлжинд хөл, гаранд ургасан илүү хэсгийг тайрч дөрвөн мөчийг нь ажиллагаатай болгоно” хэмээн эмч Саманта хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28511
0 эможи
keyboard_arrow_up