Дэлхийн хамгийн сонирхолтой наадмууд
ЭНЭТХЭГЧҮҮДИЙН ХАВРЫН БАЯР ХОЛИ
Энэтхэгчүүдийн хувьд хэд хэдэн баярыг жил бүр уламжлал болгон зохиодгоос хамгийн хөл хөдөлгөөнтэй, сонирхолтой нь Холи хэмээх баяр. Холи баяр бол Хинди шашинтнуудын хувьд шашны чухал баяр наадмуудын нэг юм.
Энэхүү баяр анх Бенгалийн бүс нутагт үүсч, улмаар хинди шашинтнууд ихээр суурьшсан газруудад өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Баярын гол үйл ажиллагаа өвлийн хамгийн сүүлчийн бүтэн сар гарах өдөр болох бөгөөд ихэвчлэн хоёрдугаар сарын сүүлч эсвэл гуравдугаар сард тохиодог байна.
Энэхүү баярыг өөрөөр будгийн баяр хэмээн нэрлэдэг. Учир нь баярт оролцогчид хотынхоо гудамжинд цугларч бие бие рүүгээ нунтаг будаг болон ус цацаж тэмдэглэцгээдэг. Нунтаг будаг нь Энэтхэгийн Аюрведа хэмээн эртний анагаах ухааны уламжлалт хүчин зүйл байсан бөгөөд ургамлаас гарган авдаг байжээ.
РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН БАГТ НААДАМ
Бразилын Рио-де-Жанейро хотод жил бүр зохион байгуулагддаг карнавал буюу багт наадам нь дэлхийн хамгийн алдартай мөн дэлхийн хамгийн том наадмын нэг юм. Нэг сар хэртэй үргэлжлэх энэ наадмын үеэр Бразил улс сая сая жуулчныг хүлээн авдаг. 1723 оны тэртээ Рио-де-Жанейрод анхны наадам болж байсан түүхтэй юм.
Тус наадамд Рио хотод үйл ажиллагаагаа явуулдаг самба бүжгийн 200 гаруй сургууль, клубууд бараг жилийн турш бэлтгэн өрсөлддөг байна.
Сургууль бүхэн тодорхой сэдвийн дагуу бэлтгэн, гоёмсог хувцаслаж, бүжиглэж, танилцуулга бэлтгэнэ. Карнавалын төгсгөлд шилдэг сургуулийг тодруулж, мөнгөн шагнал олгодог. Тус сургуульд суралцах нь нэр төрийн хэрэг хэмээн тооцогддог байна.
ВЕНЕЦИЙН КАРНАВАЛ БУЮУ БАГТ НААДАМ
Венецийн карнавал буюу багт наадам Италийн Венец хотноо жил бүрийн хоёрдугаар сард болдог. 12 хоногийн турш үргэлжилдэг энэхүү наадамд хотын оршин суугчид гоёмсог, этгээд хувцас, хэрэглэлээр гоёж, өвөрмөц будалт хийлгэдэг уламжлалтай.
Хотын гудамж тэр чигтээ дуу бүжиг, хөгжөөн цэнгээнд автдаг ба наадмын хамгийн алдартай зүйл нь гоёмсог хийц бүхий багнууд юм.
Энэ үед Итали улсаар аялсан хүн яг л XVIII зууны үеийн Италид очсон мэт сэтгэгдэл төрдөг аж. Тиймээс энэхүү үйл явдлыг нүдээрээ үзэх гэж сая сая жуулчин Венецийг зорьдог юм.
Багт наадмын төгсгөлд Сэнт Маркын талбай дээрээс нуурын дээгүүр салют буудаж, сүрлэн хүн шатааж, бүжиглэцгээдэг.
ХАРБИНЫ ЦАС, МӨСНИЙ БАЯР
Хятадын Харбин хот бол дэлхийн цас мөсөн урлагийн төв юм. Харбины цас, мөсний олон улсын наадам нэгдүгээр сарын 5-нд эхэлж, бүтэн сарын турш үргэлжилдэг.
Анхлан зөвхөн тухайн хотынхон болон бусад мужуудаас хүмүүс ирж сонирхдог байсан “Харбины цас мөсний баяр” өдгөө нэршилийн хувьд ч “олон улсын” тодотголтой болж сая сая жуулчдын өвлийн улиралд заавал зорьдог “чиглэл” нь болжээ.
Тус хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мөс цасаар хийсэн аварга том байгууламжууд, баримлууд олноор баригдсан бөгөөд шөнөдөө тус мөсөн хотууд олон өнгөөр гэрэлтэж үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.
BURNING MAN БУЮУ ШАТАЖ БУЙ ХҮН НААДАМ
“Burning man” буюу “Шатаж буй хүн” хэмээх энэ наадам нь АНУ-ын Невада мужид уламжлал болон зохиогддог. Жил бүрийн наймдугаар сарын 29-ний шөнийн 00.00 цагт эхэлж, есдүгээр сарын 5-нд өндөрлөдөг байна.
Наадмын үеэр оролцогчид төрөл бүрийн сонирхолтой арт байгууламжуудыг бүтээх бөгөөд сүүлд нь аварга том мануухайг шатаадаг заншилтай.
Жил бүр Невадагийн Хар хадан цөлд долоо хоногийн турш хэдэн арван мянган залуус нэг л зорилгын дор нэгдэн цуглардаг. The Burning Man наадам нь шинийг эрэлхийлэгч, бусдаас өөрөөр сэтгэдэг, дотоод ертөнцөө нээн танин мэдэх хүсэлтэй, бас бүтээлч хэн бүхэнд нээлттэй.
Фестивальд оролцогчид урлагийн гайхамшгийг нүдээр үзэж, биеэр мэдрээд зогсохгүй 2000 гаруй төрлийн үнэ төлбөргүй бүтээлч сургалт, семинарууд сууж, өөрийн дотоод ертөнцөө танин мэдэх, нууцлаг авьяасаа хөгжүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй. Уг фестивалиас төрөн гарсан маш олон уран бүтээлчид өдгөө өөрсдийн музейг байгуулан ажиллаж байна.
ГЭРЭЛТ ДЭНЛҮҮ ХӨӨРГӨХ ЁСЛОЛ, ТАЙЛАНД
Тайландын өмнөд хэсэгт амьдардаг Ланначууд улсдаа томоохонд тооцогдох Лойкратхонг баяртай давхцан гэрэл дэнлүү хөөргөдөг.
Ингэснээр өөртөө байгаа муу бүхнээ тэнгэрт нисгэж, сүнсээ ариутгаж, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлж, галын галаа ноцоож, асуудал бүхний оронд аз хийморь ирдэг гэж итгэдэг байна.
Мөн тэнгэрт дэнлүү хөөргөхөөс гадна гэрийнхээ гадна талыг төрөл бүрийн хэлбэртэй дэнлүүгээр чимэглэдэг байна.