Вангагийн нэрэнд патент олгожээ
Сүүлийн үед Вангагийн зөгнөл хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй олон таамгийг дэвшүүлэх болсон билээ. Тиймээс Болгар улс зөнч Вангагийн нэрийг ашиглан мөнгөжих санаа сэдсэн нь патентжүүлэх явдал бололтой.
Үүнээс хойш Вангагийн нэрийг дурсах нь битгий хэл зөнчийн хэлсэн үг, амьдралынх нь тухай ч дурсах ёсгүй. Зөвхөн алдарт эмэгтэйн нэрэмжит тусгай сангийн зөвшөөрлийг авсан тохиолдолд дурсан ярьж болох нь. Хэрэв Болгар зөнчийн нэрийг арилжааны зорилгоор эсвэл буруу зүйлд ашигласан нь ил болох тохиолдолд ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болсон аж.
Гэхдээ ийм содон мэдээний бас нэг сайн тал гэж бий. Учир нь хүмүүс Вангагийн нэрийг барьж худлаа зөгнөл тараадаг явдал буурна гэж үзэж байна. Жишээ нь дэлхийн гуравдугаар дайны тухай.
Ванга бол ХХ зууны хоёрдугаар хагасын брэнд болдог юм. Болгар энэ эмэгтэйгээр бахархаж ирсэн бөгөөд ертөнцийн найм дахь гайхамшиг гэж нэрлэж болох билээ.
“Сайн хүний нэрийг дуртай болгон нь ашиглаж болохгүй, тэгэх тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч зөгнөл тараах нь ч буруу. Манай оронд төдийгүй бусад улсад ч түүний нэрийг буруу зүйлд ашиглах явдал дэндүү их газар авсан” хэмээн “Ванга” сангийн тэргүүн Иван Драмов онцолжээ.
Тус сангийнхан Вангагийн нэрийг хамгаална гэх тайлбар хийж байгаа ч монопол эрх эдлэх бололтой. Энэ нь эргээд ихээхэн хэмжээний ашиг орлогыг бий болгоно гэсэн үг юм.
Вангагийн амьдардаг байсан байшин Рупите газрын ойролцоо Кожух унтарсан галт уулын ойролцоо байрладаг аж. Энэ газарт дэлхийн олон орноос жуулчид ирдэг. Агаар нь тунгалаг, цэвэр, рашаантай гээд олон зүйл жуулчдын анхаарлыг татдаг гэнэ. “Ванга эмээ энд амьдралын хүч чадлыг олж авдаг байсан” хэмээн шүтэн бишрэгч болох Борислав Розов ярьжээ.
Зэргэлдээ Ариун Петкагийн сүм байрлах агаад түүнийг Ванга өөрийн мөнгө, санаачлагаар барьж байгуулсан гэдэг. Энэ сүмд мөргөлчдийн хөл тасардаггүй юм байна. “Вангагийн нэрийг зөвхөн сангийнханд хамааралтайг би зөвшөөрөхгүй. Ванга бол ард түмнээс гарсан хүн, тиймдээ ч тэдэнд хайртай байсан юм. Болгарт бүгд л түүнийг хайрлаж ирсэн” хэмээн Иорданка Ганчева үзэж байгаа юм.
Ванга, Вангелия Гуштерова жирийн тариаланчдын гэр бүлд төрсөн бөгөөд шуурганд өртөн сохорсон аж. 30 настайдаа далдыг хардаг болсон гэдэг. Зөвлөгөө өгснийхөө төлөө мөнгө авдаггүй ч бэлэг тэр дундаа хүүхэлдэйд их дуртай байжээ. Байр, эд зүйлсээ төрөлх Болгартаа Ванга үлдээсэн учир алдартай хүний нэрэнд гэнэт патент олгосон явдалд ихэнх болгарчууд дургүйцэж байгаа аж.