Билл Клинтоны хайр сэтгэлийн нууц задарсан уу?
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Цагаан ордны залуу мэргэжилтэн асан Моника Левински бичсэн аж. АНУ-ын нэг сэтгүүл өнгөрсөн мягмар гарагт түүний нийтлэлээс иш татан тухай "BBC" агентлаг мэдээлсэн байна.
Өдгөө 40 настай Левински тухайн үед болсон зүйлд маш харамсдаг гэж бичжээ. Билл Клинтонтой янаг амрагийн холбоотой байсан нь нийтэд ил болсны дараа амиа хорлох тухай нэг бус удаа тэрбээр бодож байсан аж. "Клинтон албан тушаалаараа далайлган намайг дарамталж байгаагүй. Бидний харилцаа харилцан хүлээн зөвшөөрсөн харилцаа байсан" гэж Левински бичжээ.
Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 2016 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Моника Левинскигийн нийтлэлийн тухай ихээхэн мэдээлж байна.