SpaceX пуужин газардуулах туршилтыг маргааш өглөө хийнэ
Хөөргөсөн хөлөг нь дэлбэрсэн цагаас хойш хагас жилийн дараа SpaceX компани маргааш орон нутгийн цагаар 08:29 цагт буюу Монголын цагаар даваа гаригийн өглөөний 09:29 цагт Шонхор 9 пуужингаа хөөргөх гэж байна.
Энэ удаагийн нислэгийн хамгийн онцлох зүйл нь Шонхор 9 пуужингийн хөөргөх хэсгийг буцаагаад газардуулах юм. Компани Баасан гаригт нислэгийн өмнөх туршилт хийжээ.
Шонхор 9 пуужин энэ удаад Orbcomm компанийн 11 ширхэг хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулах юм байна. Харин хөлгийн хөөргөх хэсгийг өмнөх туршилтуудаас ялгаатай нь хуурай газарт газардуулахаар болжээ.
Дахин ашиглах зориулалттай пуужин бүтээхээр ажиллаж буй SpaceX энэ онд хоёр удаа амжилтгүй туршилт хийсэн юм. Хэрвээ маргааш болох туршилт амжилттай болбол компанийн өгсөж, уруудсан, бүтэлгүй туршилт бүхий 2015 он “гайхамшгаар” өндөрлөнө.
Зургадугаар сард Олон Улсын сансрын станц руу хангамжийн бараа хүргэхээр хөөрсөн Шонхор 9 пуужин агаарт дэлбэрэв
Гэхдээ зөвхөн нэг компанийн нэг жилийн ажлын үр дүн болоод зогсохгүй, сансрын аяллыг “хямдруулах” том алхам болох юм. Нэг зүйлийг сонирхуулахад SpaceX том ослын дараа тун богино хугацаанд дахин хөлөг хөөргөх гэж байна.
Зөвхөн хувийн компаниудын хувьд гэлтгүй НАСА агентлаг хүртэл Шаттл хөлгийн ослоос хойш бүтэн хоёр жил дахин хөөргөж байгаагүй юм.