Францын эрдэмтэн Жокондагийн хөрөг дор нууц хөрөг бий хэмээн нотолж байна
Мона Лизагийн хөрөг өөр эмэгтэйн хөргийг нууцалж байна хэмээн шуугиан дэгдээсэн таамгийг Францын эрдэмтэн Паскаль Котт дэвшүүллээ. Тэрээр 10 жилийн турш өөрийн аргачлалаар Леонардо да Винчигийн бүтээлийг судалсан аж. Судалгааны үр дүнд харагдаж байгаа будгийн дор Мона Лизагаас өөр бүсгүйн хөргийг олж харсан гэнэ. Түүний энэ дүгнэлтийг зарим нэгэн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
2004 онд зургийг судлах зөвшөөрлийг Луврын захиргаанаас Паскаль Коттод өгчээ. Тэрээр гэрлийн цацрагийг чиглүүлэн зургийг судалсан байна. Ийм гэрлийн тусламжтай зураг дээрх үе бүрийг харж болно хэмээн тэрээр нотолж байгаа юм.
“Будаг бүрийн дор юу болж байгааг бид дүгнэх боломжтой, ингээд зогсохгүй сонгины хальс арилгах мэт зургийн үе бүрийг цэвэрлэж болно. Ингэснээр зураг бүтсэн үеийг сэргээж болно” хэмээн Паскаль Котт ярьжээ.
Мона Лизагийн зураг доор байх өөр нэгэн эмэгтэй дух өндөртэй, хамар томтой, гэхдээ хамгийн гол нь оньсого шиг инээмсэглэл байхгүй хэмээн тэрээр нотолж байна.
Леонардо да Винчи зургийг 1502 оноос хойш хэдэн жилийн турш захиалгаар зурсан гэгддэг. Торгоны худалдаачны гэргий Лиза Герардинигийнх биш, хэн гэдэг нь ойлгомжгүй гэж эрдэмтэн нотолж байгаа юм. “Олон домгийг үгүй хийгээд зогсохгүй Леонардогийн суут бүтээлийг бид өөр өнцгөөс харж эхлэнэ гэсэн үг” хэмээн эрдэмтэн ярьсан байна.