Цукерберг аав болж хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсэд хандивлахаар шийдлээ
Өнөөдөр дэлхийд хамгийн хүчирхэг компаниудын нэг Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн хувьцааны 99 хувийг амьдралынхаа туршид сайн үйлсэд хандивлана гэдгээ зарлалаа.
Цукерберг компанийн удирдлагыг атгасан хэвээр байх юм
Хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээгээр Цукербергийн хувьцааны 99 хувь одоогийн байдлаар 45 тэрбум ам. доллароор үнэлэгдэж байна.
Ийм шийдвэр гаргах болсон нэг шалтгаан нь залуу тэрбумтан хэдхэн цагийн өмнө эцэг болсонтой холбоотой. Тэрээр охиндоо Максима Чан Цукерберг гэдэг нэр өгсөн бөгөөд өөрийн Facebook хуудсан дээрээ гэр бүлийн шинэ гишүүндээ зориулан захидал бичжээ.
Сонирхуулахад энэ шийдвэр тийм ч гэнэтийн зүйл биш юм. Учир нь Цукерберг таван жилийн өмнө Билл Гейтс мэтийн технологийн тэрбумтнуудын хамт “Өгөх тангараг” нэртэй үйлсэд нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж байсан юм.
Энэхүү тангарагт гарын үсэг зурсан тэрбумтнууд өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг сайн үйлсэд зориулна гэдгээ баталсан аж. Хэдийгээр хувьцааныхаа 99 хувийг өгч байгаа боловч Цукерберг компанийн удирдлагыг атгасан хэвээр байх юм.
Харин энэ шийдвэртэй холбоотойгоор Цукерберг жилд Facebook-ээс нэг тэрбум ам. доллароос илүү хувьцаа авахгүй байхаар болжээ.