Хятадууд Канадын гоо бүсгүйд виз олгохоос татгалзжээ
Хятад улс Miss Canada гоо сайхны тэмцээнд түрүүлсэн Анастасиа Линд Miss World тэмцээнд оролцох урилга явуулахаас татгалзжээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ирэх сард Хайнань арлын Саня хотод болох аж. Хятадад мэндэлсэн 25 настай жүжигчин бүсгүй Бээжингийн Засгийн газрын бодлогыг шүүмжилдгийнхээ төлөө Miss World тэмцээнд оролцож чадахгүй болов. Тэмцээнд оролцоход шаардлагатай Хятадын талын урилга түүнд ирсэнгүй. Орон бүрийн гоо бүсгүйчүүд Хятадын зүүн өмнөд хэсгийн халуун цаг агаартай Хайнань арал дээр сарын өмнө очсон байх ёстой. Урилгагүй хоцорсон Лин виз хүсэх эрхгүй болжээ. “Би нээлтийн ажиллагаанд, магадгүй тэмцээнд оролцож чадахгүй боллоо. Дахиад нэг хүсэлт гаргаад үзнэ. Гэвч “Дэлхийн мисс”-т оролцох боломж минь байхгүй болж байх шиг байна” хэмээн Канадын мисс Анастасиа Лин ярилаа.
Лин тавдугаар сард Канадын миссээр тодорсон юм. Тэрээр хятад дахь хүний эрхийн зөрчлийг ил тодоор шүүмжилдэг. Канадын гоо сайхны хатан хаан бие бялдрын дасгал, ёс зүйн сургаалийг бясалгалтай хослуулдаг Фалунгон хөдөлгөөнийг идэвхтэй өмгөөлдөг. Фалунгон хөдөлгөөн эхэндээ Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэг байсан билээ. Гэвч удалгүй тэдний цар нөлөө, бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр улс оронд заналхийлсэн аюул хэмээн харах болсон юм. Фалунгоны хэдэн мянган дэмжигч тус хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхийг шаардан жагсаж байсан нь Хятадын коммунист дэглэмийн хараанд өртөж, энэ бясалгалаар хичээллэгчид цагдаагийн мөрдөлт мөшгилтийн бай болсон аж. Хятадын хуулиар, төр улсаас хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны хөдөлгөөнийг өмгөөлсөн, дэмжсэн хэнийг ч баривчлах заалттай байдаг.
Лин 2003 онд Канад руу цагаачилжээ. Хятад иргэд эрх баригчдын мөрдлөг, хавчлагад өртөж байгааг харсан бүсгүй хүний эрхийн төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэрээр Фалунгоны гишүүдийг баривчилж буй тухай кинонд оролцож, долдугаар сард АНУ-ын Конгрессын хорооны өмнө энэ сэдвээр ярьж байжээ. Miss Canada тэмцээний тэргүүн Айк Лажи “Анастасиа Лин “Дэлхийн мисс”-т оролцохгүй бол бид дэд миссээ явуулахгүй” хэмээн мэдэгджээ.
“Хятадад болдог дэлхийн гоо бүсгүйн тэмцээний оролцогчид хүний эрхийн тал дээр надтай адил байр суурьтай байдаг. Гэвч тэд виз авч чадахгүй гэж айхдаа энэ тухай ил тод ярьдаггүй. Харин би энэ талаар ил тод ярьдаг. Цуурай, үр нөлөө нь ямар байдгийг би мэднэ” хэмээн Лин өгүүлэв. Анастасиа Лин энэ онд “Канадын мисс”-т түрүүлсний дараа Хятадын аюулгүйн албаны хүмүүс эцэгтэй нь холбогдож “Охин чинь хүний эрхийн талаар мэдэгдлээ хийсээр байвал онцгүй үр дагавар гарна шүү” хэмээн сануулсан аж. Лины эцэг нутагтаа амьдардаг бөгөөд охин нь эцгийнхээ аюулгүй байдалд санаа зовних болжээ. “Эцэг маань их түгшүүртэй байгаа. Утас чагнана гэж айж байгаа тул надтай ярьж зүрхлэхгүй байна” хэмээн Канадын мисс ярилаа.
Лин байр сууриа ашиглаж Хятад дахь хүний эрхийн асуудлыг анхааралд оруулж, Азийн улс дахь хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. “Би ганцаараа, хэцүү байна. Гэр бүл маань энд алга. “Дэлхийн мисс” бол олон улсын байгууллага. Эдгээр байгууллагууд оролцогчдоо өмгөөлж хамгаалахгүй бол биднийг хавчиж, гадуурхсан хэвээр байх болно” хэмээн Лин онцоллоо. Канадын гоо сайхны хатан хаан “Дэлхийн мисс”-т оролцохгүй байсан ч Хятад дахь хүний эрхийн зөрчлийг шүүмжилсээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм. “Хятадад очих боломж олдвол хүмүүс намайг хараасай гэж бодож байна. Тэд намайг мэднэ, хэдийгээр хараа хяналттай ч хятадууд ямар нэг аргаар мэдээлэл авч байгаа. Намайг жинхэнээсээ, ухамсраараа ажиллаж, хөдөлж байгааг тэд хараасай гэж хүсч байна. Тэд ч бас миний адил тэмцэж чадна” хэмээн Анастасиа Лин хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин