Тунгусийн гаж үзэгдлийн нууц одоо ч тайлагдаагүй
Тунгуст солир унаснаас хойш 100 гаруй жил болсон ч энэ үзэгдлийн нууц тайлагдаагүй байна. Гэвч эрдэмтэд түүний нууцыг тайлахыг оролдсоор байна. Өнгөрсөн долоодугаар сард Итали, АНУ-ын шинжээчдээс бүрдсэн олон улсын баг энэ үйл явдлын хамгийн байж болох таамгийг судлахаар Сибирийн гүн рүү явав. Энэ тухай сурвалжлагыг дор сийрүүлэв.
1945 онд Японы Нагасаки хотыг сүйтгэсэн атомын бөмбөгний чадлаас 2000 дахин давсан чадалтай дэлбэрэлт 1908 оны зургаадугаар сарын 30-нд зүүн Сибирьт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 2200 хавтгай дөрвөлжин километр газрын хөвч тайга устаж, олон арван сая мод булгаран унажээ. Тийм мөргөлдөөн дөрвөн цагийн дараа болсон бол Санкт-Петербург хот болон түүний орчны тосгод газрын хөрснөөс арчигдах байжээ.
Дэлбэрэлт болсноос хойш 15 цагийн дараа Европын агаарт үзэгдсэн гэрэл хэдэн цагийн турш байж, бүс нутагт цагаан шөнө болсон нь урьд хэзээ ч болж байгаагүй үзэгдэл аж. Их Британи, Дани, Германы хүмүүс шөнө дундын үед нэмэлт гэрэл хэрэглэлгүйгээр сонин уншиж байсан гэдэг.
Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсээс мэдээ цуглуулах зорилгоор эхний экспедицийг зөвхөн 1927-1928 оны өвөл л зохион байгуулжээ. Экспедицийг зөвлөлтийн эрдэмтэн Леонид Кулик удирдав. Тэрбээр Тунгусийн үзэгдлийн байж болох цорын ганц тайлбар нь солир байх гэж үзэж, түүнийг эрэхээр дэлбэрэлт болсон төв цэг рүү явжээ. Тэр үед тийм хол газар аялах нь их зардал шаардсан, түвэгтэй ажил байв. Эхлээд Красноярск хүртэл галт тэргээр явж, дараа нь умар зүг хэдэн зуун километр явган явах ёстой байлаа. Дэлбэрэлтээс хойш 19 жилийн дараа зохион байгуулсан Куликийн анхны экспедицийн бүрэлдэхүүнд эвенк ястны олон газарчин орж, цаа буга унахаар болов. Кулик ч, түүнээс хойш тийшээ очсон олон зуун эрдэмтэн солирын ул мөр олсонгүй.
Өнөөдөр дэлбэрэлтийн төв цэгт хүрэхэд Куликийн үеийнхээс хавьгүй амар байна. Москвагаас Красноярск руу нисэх онгоцоор, тэндээсээ Ванавар тосгон хүртэл жижиг онгоцоор явж, дараа нь Ми-8 ачааны нисдэг тэргээр дэлбэрэлтийн төв цэгт хүрч болно.
Хоёр долоо хоног ажилласан экспедицийн бүрэлдэхүүнд Болоны их сургууль, Флорентийн их сургууль, Корнеллийн их сургуулийн зургаан эрдэмтэн оржээ.
Тунгусийн үзэгдлийг тайлбарласан зуу гаруй онол бий. Тэдгээрийн дотор үл танигдах нисдэг биет унасан, цагийн тонгоруунд орж, 1908 он руу хаягдсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөгч нисэх онгоц дэлбэрсэн, дэлхий хар цоорхойгоор нэвтэрсэн, маш их нягтралаас болж халсан шумуулын асар том үүл дэлбэрсэн гэх мэт санаанд багтамгүй таамаг бий.
1908 онд гарсан анхны таамгийг болсон явдлыг нүдээр харсан зүүн Сибирийн оршин суугч эвенк ястнууд гаргажээ. Тэдний домгоор бол, галын бурхан Агды уурлаж, орчны амьд болгоныг устгасан байна. Тэд чих дүлийрэм хэдэн дэлбэрэлт болохыг сонссон, модод ойчиж байгаа нь олон километрийн алсад сонсогдсон гэж ярьжээ.
Манай экспедицийн шинжээчид солир унах, агаар мандалд хаягдсан галт уулын хий дэлбэрсэн байх гэсэн тун байж болох хоёр онолыг судалсан. Эрдэм шинжилгээний экспедицийнхэн хоёр лагерьт хуваагдаж, эхний хэсэг нь солир унасан байх гэсэн онол, нөгөө хэсэг нь дэлбэрэлтийн геологийн таамгийг шалгасан.
Солир унасан байх гэх онол /Чеко нуур/
Дэлбэрэлтийн төв цэг юм уу унасан газарт очсон олон зуун экспедицийн аль нь ч газрын гадаргыг солир мөргөсөн ул мөр олсонгүй. Энэ районоос солирын хэлтэрхий ч, цар ч олсонгүй.
Чеко нуур солирын цохилтын улмаас үүссэн, энэ нь түүний хэлбэр, орчинд нь ургасан модноос харагдаж байна гэж Болоны их сургуулийн дөрвөн профессор Карло Стангеллини, Маурицио Серрацанетти, Романо Серра, Марко Коччи нар үзэж байна. Энэ нуур сунасан /багцаалбал 100х300 метр/ хэлбэртэй нь бүс нутгийн дугуй хэлбэртэй бусад нуураас өөр юм. Гэвч нуурын эргэн тойронд цохилтын ямар ч мөр, тухайлбал тэр нуур үнэхээр солир унасны улмаас үүссэн бол мэдэгдэх дугариг нүхний үлдэгдэл илрээгүй байна. Нуур энд хэзээнээс байсан, нуурын нэр нь эвенкээс орчуулбал “хар ус” гэсэн утгатай гэж эвенкүүд ярьж байна.
Эрдэмтэн Стангеллини, Серрацанетти нар соронзон хэмжигч, радар, усан дор зураг авахад зориулан бүтээсэн дүрс бичлэгийн аппарат, тусгай багаж зэрэг төрөл бүрийн багаж хэрэглэн нуурын ёроолыг анхааралтай судлав.
Солир юм уу түүний хэлтэрхий байна гэдгийг мэдэгдэх төмөр болон өөр металл зэрэг соронзон элемент нуурын ёроолд байгааг илрүүлэхийн тулд соронзон хэмжигч хэрэглэжээ.
Нуурыг шинжилж эхлэхийн өмнө арав, арван метрт хуваажээ. Нуурын голын нэг хэсэгт том биш гаж зүйл илрүүлснийг эрдэмтэд Италидаа буцаж очоод сайтар судлах юм. Гэвч маргааш нь нөгөөх гаж зүйл алга болж, нуурын ёроолд солирын хэлтэрхий байна гэсэн онолыг нь батлах үнэмшилтэй нотолгоог шинжээчид олж чадсангүй.
Радараар хийсэн судалгаа, усан дор авсан зургаас ч тоймтой юм гарсангүй.
Нуурын ёроолыг бас тусгай багажаар судлав. Модны мөчир, үндсийг гаргаж авав. Гэхдээ тэдгээр нь 1908 оны хэрэг явдалтай холбоогүй байж ч болно. Тэдгээр мөчир хадгалахад нь тус болсон зузаан лаг шаврын дор байсан, эсвэл нууранд цутгадаг горхиор саяхан урсаж ирсэн байж болохыг эрдэмтэд тэмдэглэв. Эдгээр модны насыг тодорхойлох, солир унасны улмаас гэмтсэн эсэхийг нь тодорхойлохоор дээжийг нь авч, их сургуулиуд руу явуулав.
Нуурын ёроолыг цаашид судалж, чулуулгын дээж цуглуулах цооног өрөмдөх хэрэгтэй, ингэхэд олон улсын дэмжлэг, санхүүжүүлэлт шаардлагатай гэж Стангеллини ярьж байна.
Романо Серра, Марко Коччи хоёр нуурын эрэгт хэдэн мод хөрөөдөж, зоргодсыг нь, бас 1908 оны хэрэг явдлын үед байсан мод, түүнээс хойш үхсэн, мөн 1908 оны хэрэг явдлаас хойш ургасан арай залуу модны дээж авав. Модны дээжийг Чеко нуурын хойд болон урд эргээс авчээ. Урьдчилсан мэдээгээр, 1908 оноос өмнө мод бие биетэйгээ шөргөөцөлдөн ургадгаас маш өтгөн, удаан ургадаг байжээ. Харин 1910 оноос хойш модод нарны гэрэл, тэжээлийн бодисын төлөөнөө өөр модтой тэмцэлдэнэ гэлгүй хавьгүй сийрэг ургасан байна.
1908 оны хэрэг явдлын үед үлдсэн модод бусдаасаа хавьгүй жижиг байсан нь тэр модод дэлбэрэлтээр нугарч, налсныг харуулж байна гэж Серра тэмдэглэв. Чеко нуурын орчимд авсан дээж 1986 онд Украинд дэлбэрсэн Чернобылийн реактороос холгүй газраас авсан дээжтэй төсөөтэй байгааг тэр бас тэмдэглэв.
1908 оноос хойш моддын мөчирт магний, титан, хүхэр, тогтоогдоогүй зарим элемент илрэх болсныг түрүү түрүүчийн экспедицийн явцад Серрагийн цуглуулсан дээжис харуулж байна. Энэ мэдээ нь солир унасан буюу галт уул дэлбэрсэн гэх онолыг нотолж мэдэх юм.
Чеко нуур 1908 онд болсон гурван том дэлбэрэлтийн нэгнийх нь улмаас үүссэн гэж нуурыг судалсан Италийн дөрвөн эрдэмтэн бүгдээрээ үзэж байна. Эхний дэлбэрэлт агаар мандалд, хоёр дахь нь газарт болсон, үүний улмаас нуур үүсч, түүгээр урсаж байсан голын голдрил өөрчлөгдсөн, гурав дахь дэлбэрэлт нэлээд хойгуур газарт, дэлбэрэлтийн төв цэг гэж үздэг газарт болж, хэд хэдэн гүнзгий намаг үүссэн байна.
Нуур үүсгэсэн солирын голч нэгээс таван метр байсан тухайд тэд санал нийлж буй. Харин эргэн тойронд нь ургасан модод энэ нуур 1908 онд үүссэнийг харуулж байна.
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар 1908 оны дэлбэрэлтээс хойш чиглэлээ өөрчилсөн горхины хуучин голдрилыг Коччи анхааралтай судлав. Газрын гадарга дор 10 сантиметрийн гүнд мөнх цэвдгийн давхарга байгаа нь шинжилгээний ажлыг хүндрүүлэв. Горхи нь голдрилоо хэзээ өөрчилж, эрдэмтдийн таамагласнаар солироос үүссэн царт цутгах болсныг тодорхойлох дээж авахаар өрөмдлөг хийхээр төлөвлөж байна.