Амжилтанд хүрэхэд надад их мөнгө байсангүй харин өмнөдийн тэнгис мэт их мөрөөдөл байсан юм

2015 оны 11 сарын 16

“Амжилтын нууц бол цаг үргэлж суралцахыг хичээдэг хүсэл тэмүүлэл, аливаа зүйлсээс шинийг эрэлхийлж байдаг ажигч байдал, ямар ч тохиолдолд өөрийгөө ялан дийлэх хөдөлмөрч, шаргуу зангийн үр дүн юм”- Жоу Цюньфэй

Манай өмнөд хөршийн Хунань мужийн Сянсян хотод эгэл жирийн ажилчны гэр бүлд, 1970 оны долдугаар сарын 12-нд нэгэн охин төрсөн нь хожмын БНХАУ-ын хамгийн баян тэрбумтан Жоу Цюньфэй байжээ. Эцэг нь түүнийг төрөхөөс арван жилийн өмнө үйлдвэрийн ослоор хараагүй болсон тул ээж нь гэр бүлээ тэжээх хүндхэн үүргийг нуруундаа үүрч явжээ. Өдөр шөнөгүй, цаг наргүй, ажлыг гололгүй явсан ээж нь нэг л мэдэхэд элэгний хорт хавдраар өвчилсөн байв. Жоуг таван настай байхад ээжийнх нь өвчин хүндэр, таалал төгсжээ. Ингэснээр угийн ядуу тарчиг амьдралтай байсан тэднийхнийг бараан үүл нөмрөв.

Мөрөөдлөө орхисон нь

Тэжээгчээ алдсан гэр бүлийн амьдрал туйлдаа хүрсэн гэдэг. Улсаас өгдөг эцгийнхээ тэтгэмжийн хэдэн төгрөгөөр бор хоногоо аргацааж байлаа. Ингэж явсаар Жоу 15 настайдаа амьдралын эрхээр сургуулиасаа гарч, хар ажил хийхээр Гуандун мужийн эдийн засгийн чөлөөт бүс болох Шэньжэнийг зорив. Хувцасны загвар зохион бүтээг болох мөрөөдөлтэй тэрбээр түүнийгээ сэтгэлийнхээ хогийн сав руу чулуудаад, харин бугуйн цагны нүүр шил болон линз хийдэг үйлдвэрт ажилд оржээ. Улмаар аав руугаа цалингаа явуулдаг байв. Нэгэн хэвийн, хүнд нөхцөлд бага цалинтай ажиллах нь буруу гэсэн шийдвэрт хүрснээр гурван сар ажилласныхаа дараа халагдах өргөдлөө өгсөн аж. Гэтэл захирал нь түүнд удирдах албан тушаал санал болгосон нь итгэмээргүй зүйл байв. Жоу энэ талаараа “Хөдөөнөөс ирсэн номой ноорхой хувцастай охиныг бичгийн боловсрол өндөртэй байхыг хараад захирал маань ихэд гайхсан гэсэн. Халагдах өргөдлөө маш сайн бичсэн тухай дараа нь надад ярьж билээ. Би хэдий ядуу зүдүү амьдралтай ч сургуульд байхдаа нэг минут ч зүгээр суудаггүй хүүхэд байлаа. Тэгж бүх хичээлдээ хичээнгүйлэн сурч байсан нь надад хэрэг болж, амьдралыг минь гэрэлтүүлэх шинэ боломж нээсэн юм. 15-хан настай охинд нэгж удирдах итгэл хүлээлгэнэ гэдэг ёстой л ид шидийн, нөгөөтээгүүр эрсдэлтэй зүйл байлаа. Гэхдээ би энэ алтан боломж болон тэдний итгэлийг алдаагүй” гэж ярьсан байдаг.

Дурсамжиндаа хөглөгдсөн нь 

Жоу 22 нас хүрэхдээ хэдийнээ үйлдвэрийнхээ үйл ажиллагаа хариуцсан захирал болсон байв. Үүний хажуугаар Шэньжэний их сургуульд оройгоор нягтлан бодох програмчлал, гаалийн бүрдүүлэлт, эдийн засгийн чиглэлээр сурчээ. Тэгэхдээ мань хүн өөр ертөнцийг олж харав. Бусдын удирдлага дор, хэн нэгнийг “хөгжүүлэх” нь түүнд таатай байсангүй. Ингээд 1993 онд 23 насандаа өөрийн хувийн компаниа байгууллаа. Түүнд нэг их мөнгө байсангүй, харин ажлын туршлага, мэдлэг чадвар, хичээл зүтгэл, юу ч тохиолдсон зорьсондоо хүрэхээр зүтгэдэг шаргуу зан, өмнөдийн тэнгис мэт их мөрөөдөл байв. Үеэл ах, эгч, дүү нарынхаа тусламжтайгаар тэрбээр 22 мянган Хонконг долларын хөрөнгөтэй бизнесээ эхлэв. Хэт жижиг бизнесээсээ болж томоохон сонгон шалгаруулалт, тендерээс гологдож мултардаг байлаа. Гэсэн ч бууж өгөлгүй, хамтрагч болон хэрэглэгч нартайгаа холбоотой байж, эрэлт хэрэгцээг нь 100 хувийн сэтгэл ханамжтай биелүүлэхийг зорилт болгов. Улмаар хэдхэн сарын дотор жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ дунд Жоугын нэр хүнд нь өсч байлаа. Үүнээс хоёр жилийн дараа “Lens Technology” компаниа үүсгэн байгуулав. Планшет, компьютер, ухаалаг утсанд зориулан шилэн хавтан буюу линз үйлдвэрлэдэг болжээ. Жоу өнгөрсөн амьдралынхаа тухай “би өглөөний 7:00 цагаас үдшийн 00:00  цаг хүртэл ажилладаг байлаа. Заримдаа бүр шөнийн 02:00-03:00 цаг хүргэнэ. Арвуулаа ээлжгүйгээр ажиллаж, бүгд шил бүрэх ажил хийдэг байлаа. Үнэндээ би ажилдаа дуртай байгаагүй. Гэсэн ч би ажил хийхгүй бол хоосон хононо шүү дээ”гэж дурсан ярих дуртай.

Ажилтанд хүрсэн нь

Алхам алхмаар урагшилж, шинэ зүйл туршин амжилттай ажиллаж байв. 2001 онд БНХАУ-ын электрон барааны хамгийн том компани “TCL” корпорацтай хамтран ажиллаж, гар утасны дэлгэц нийлүүлэх гэрээг үзэглэжээ. Улмаар 2003 оноос эхлэн мэдрэгчтэй дэлгэц үйлдвэрлэж, тухайн зах зээлийнхээ гол тоглогчдын нэг болохоор зүтгэж эхлэв. Тэдний хичээл зүтгэл ч талаар болсонгүй, дэлхийн зах зээлийн тэргүүлэгч “Apple”, “Samsung electronics”, “Nokia” зэрэг компаниудтай хамтран ажиллаж, ханган нийлүүлэгч болжээ. Жоу бусад тэрбумтнууд шиг тансаглахад толгойгоо мэдүүлж, “шоу” хийдэггүй. Бүр зурагтаар гарч хэвлэлд “хадагдсан” нь цөөн. Тэрбээр баян, олны танил байх талаар нэгэн ярилцлагадаа “Ийм дүр надад хэзээ ч тохирохгүй, зохихгүй. Баян, амжилттай явах үедээ их зан гаргахгүй харин азгүйтвэл ухарч, цөхрөхгүй байх хэрэгтэй гэж боддог. Надад “lens Technology” компаниа байгуулж, амжилттай ажиллах болон бууж өгөхгүй хүчтэй зан чанартай болоход өнгөрсөн амьдрал минь нөлөөлсөн.” Энэ оны байдлаар Жоугын хөрөнгө 10 тэрбум ам.долларт хүрсэн юм. ийн түүний тэгээс эхэлсэн ажлын гараа амжилтын оргилд хүрч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад нэр нь бичигдээд зогсохгүй БНХАУ-ын хамгийн баян эмэгтэй болсон түүхтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26414
0 эможи
keyboard_arrow_up