Оргохын тулд эмэгтэй хүний дүрд хувирчээ
Бразилийн цагдаа нар 2007 оны есдүгээр сард Бразилийн хар тамхины наймаачдын босс Клодоалдо Антонио Филипе гэгчийг баривчилсан билээ. Удаан хугацааны турш үргэлжилсэн шүүх хурлын эцэст түүнийг буруутай хэмээн үзэж, 36 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр 2008 оны хоёрдугаар сараас чанга дэглэмтэй “Буран” шоронд хоригдох болжээ.
Тэгвэл найман жил хоригдсон босс хэдхэн хоногийн өмнө шоронгоос оргох гэж байхдаа харгалзагчдад баригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр бусад шиг хонгил ухаж, үймээн дэгдээхгүйгээр зүгээр л эмэгтэй хүний дүрд хувирч, оргохыг завдсан байна.
Филипе өнгөрсөн сард туслахууддаа үүрэг өгч яг бодит хүний төрхтэй адилхан нүүрний багийг бүтээлгэсэн байна. Уг нүүрний багийг 1200 ам.доллароор бүтээжээ. Түүний оргодог өдөр хүмүүжигчид гэр бүлийнхэнтэй уулзсан аж. Тэрбээр энэ үеийг ашиглан, дүрээ хувиргаж төв хаалгаар гарахыг санаархжээ. Нэг харгалзагч эмэгтэйгээс бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд тэрбээр зугтааж, баригдсан байна.