Цагаан хэрмийг яагаад барьсан бэ
АНУ-ын ерөнхийлөгчийн Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн сунгааг тэргүүлж буй тэрбумтан Дональд Трамп олон нийтийн анхаарлыг төвд байсаар. Түүний Латин, Мексик гаралтнуудын эсрэг байр суурьд олон хүмүүс дургүйцдэг.
Мексикийн хууль бус цагаачлалын эсрэг тууштай тэмцэнэ гэдэг нь түүний гол уриа бөгөөд санаанд оромгүй саналуудыг дэвшүүлж буй юм.
Тухайлбал АНУ, Мексикийн хилийн дагуу 3145 км “Цагаан хэрэм” барих санал. "Fox news"-ийн шууд нэвтрүүлэгт “Хятадууд яагаад цагаан хэрмийг барих болсон бэ?” гэж түүнээс асуухад Трамп “Хэдэн мянган жилийн өмнө хэрмийн цаана байгаа маш муу хүмүүсээс улсаа хамгаалахын тулд” гэж хариулсан.
Харин нэвтрүүлэгч түүнийг “Монголчуудаас хамгаалахын тулд шүү дээ” гэж засаж өгсөн юм.
АНУ-ын иргэд газар зүй, түүхийн боловсролоор тийм сайнгүй гэгддэг. Тиймээс тэрбумтан Трамп Цагаан хэрмийг барих болсон шалтгааныг мэдэхгүй байгаад гайхах хэрэггүй.
Харин Монголчууд цагаан хэрмийг барих болсон жинхэнэ шалтгааныг хэр мэддэг вэ? Эрхбиш Монголчуудаас айгаад барьсан юм гэж ярьцгаахаас биш хэзээ, яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу.
Цагаан хэрмийг барьсан тухай бид сайн мэдэж байх нь чухал ач холбогдолтой гэж бодсон үзсэн учраас ганц хоёр мэдээлэл хуваалцахыг хүслээ.
ХОЁР ЦАГААН ХЭРЭМ БАЙДАГ
Юуны түрүүнд үүнийг мэдэж байх нь чухал. Хятадын цагаан хэрэм ганц үргэлжилсэн урт хэрэм байдаг гэж бид боддог үнэн хэрэгтээ Цагаан хэрэм нь энд тэнд барьсан маш олон хэрмүүдийг нийтэд нь ингэж нэрлэдэг юм. Цаг хугацааны хувьд "Эртний цагаан хэрэм" буюу МЭӨ 2-р зуунд баригдаж байсан цагаан хэрэм бий.
Энэхүү хэрмийг Цин улс Хүннүчүүдээс хамгаалахын тулд барьж байсан. Шавраар барьсан тул тийм ч бат бөх биш. Хожуу барьсан цагаан хэрэм нь бидний мэдэх цагаан хэрэм юм.
БИДНИЙ МЭДЭХ ЦАГААН ХЭРЭМ
Бидний мэдэх цагаан хэрэм нь хожуу баригдсан. Энд тэндгүй зурган дээр гардаг цагаан хэрэм нь хожуу баригдсан цагаан хэрэм юм.
ЦАГААН ХЭРМИЙГ ИХ МОНГОЛ УЛС ЗАДАРСНЫ ДАРАА БАРЬСАН
Цагаан хэрмийг нэлээн хожуу буюу 15-р зууны үед Чингисийн эзлэн түрэмгийлэл дуусаад Юань улс задарч Монголчууд нэлээн суларсан байх үед барьсан байдаг. Их Монгол улс задарч Монголчуудын Бээжингээс хөөсөн хэдий ч Монголчууд өмнөд рүү довтлох нь зогсоогүй аж. Энэ үеийн Мин улсын хаан Жэн Тун хуучны хэрэм барьдаг аргыг сэргээж "Шинэ цагаан хэрэм"-ийг барих тушаал гаргасан юм.
ЦАГААН ХЭРМИЙГ АМАР БАРИАГҮЙ
Цагаан хэрмийг Монголчуудаас хамгаалахын тулд барьсан. Харин түүнийг барихын тулд Монголчуудын тухайн үед бүтээж байсан ДНБ-ээс бараг 4 дахин илүү зардал гаргасан гэж эрдэмтэд тооцдог.
ТУМУГИЙН ТУЛАЛДААН ГОЛ ШАЛТГААН БОЛСОН
Хятадууд Монголчуудаас хүн амын тоогоороо хэт олон учраас айх шаардлагагүй хэмээн үздэг байсан. Тиймээс цагаан хэрэм барих зайлшгүй шаардлагагүй гэж зарим нь эсэргүүцдэг байснаас хэрмийг барих ажил удаашралттай байв. 1449 онд Ойрадын Эсэн тайш 2 түм (20 000) цэрэгтэй Хятадын хааны 5 бум (500 000) цэргийг хиар цохисны дараа тэд бодлоо өөрчилсөн юм. Энэхүү тулаан түүхэнд “Тумугийн тулаан” гэж тодоор бичигдэж үлдсэн ба дэлхийн түүхэн дэх нэг тулааны дотор хамгийн олон хүний амь нас эрсэдсэн 5 тулаанд зүй ёсоор ордог.
ХЯТАДЫН ЭЗЭН ХААНЫГ ОЛЗОЛЖ БАЙВ
Эсэн тайш Тумугийн тулаанд ялж Хятадын гүн рүү орж Нанжин хотоос Мин улсын эзэн хааныг олзолж нутагтаа авчирсан байдаг. Хятадуудыг доромжлох санаатай эзэн хаанаар зарцаа олон жил хийлгэсэн боловч хамгийн хачирхалтай нь Хятадууд хааныхаа хойноос элдэж ирээгүй юм. Харин оронд нь өөр хүн хаан ширээнд заларсан билээ.