Эгэл бөөмийн талаар судалгаа хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ
Физикийн салбарын 2015 оны Нобелийн шагналыг Такааки Кажита /Япон/, Артур МакДональд /Канад/ нар нейтрино бөөмийн хурд, шилжилт, хөдөлгөөнд хэмжсэн судалгаагаараа хүртлээ.
Канадын физикч Артур МакДональд (1943 онд төрсөн) нарны нейтриног хайх зорилготой Сандбери дахь Нейтрино одон орон судлалын даргаар ажилладаг байна. Харин Японы физикч Такааки Кажита (1959 онд төрсөн) агаарын нейтрино хайх зорилготой Super-Kamiokande туршилтын багийг удирддаг байна.
Хоёр эрдэмтний хийсэн судалгаагаар хэрэв нейтрино бөөм бие биедээ хувирах аваас эдгээр нь тодорхой хэмжээний хүндийн жинтэй байна гэдгийг тогтоожээ. Нейтрино цахилгааны хувьд саармаг буюу цэнэггүй, бараг масс байхгүй тул судлахад маш хэцүү байдаг юм. Тэгвэл хоёр эрдэмтэн лабораторид тусгай багаж хэрэгслийг ашиглан энэхүү туршилтыг хийсэн байна.
Аливаа биет, бодисууд молекул, атом хэмээх жижиг хэсгүүдээс бүрддэг гэдгийг бид мэднэ. Харин атомын цөмийг бүрдүүлэгч эгэл бөөмсийн нэг нь нейтрино юм. Нейтрино бөөм бид бүхнийг хүрээлэн буй бүхий л орон зайд маш өндөр хурдтайгаар цойлон нисч байдаг.
Мөн нейтрино ямар ч биет зүйлсийг нэвтлэн гарах чадвартай, нисч явах замдаа шинж чанараа өөрчилдөг, долгиолог хэлбэртэй учир түүнийг "барьж авах"-ад маш хэцүү.
Ихэнх нейтрино бөөмс аливаа биетийг нэвтлэн гарах боловч цөөн хэсэг нь тэдгээрийн атомуудтай мөргөлдсөнөөс янз бүрийн эгэл бөөмс үүсэх бөгөөд уг үзэгдлийг нейтриногийн хэлбэлзэл хэмээн нэрлэдэг байна.
Орчлон ертөнцийн үүслийн эхний шатанд матери болон антиматерүүд адил хэмжээтэй оршин байсан гэж үздэг. Хэрэв тэдгээр нь хоорондоо мөргөлдвөл бүрэн задарч үгүй болох ёстой. Гэтэл бидний оршин байгаа өнөөгийн орчлон ертөнц зөвхөн материйг агуулдаг. Нейтриногийн хэлбэлзлийн мөн чанарыг тодорхойлж чадвал орчлон ертөнцөд зөвхөн матери орчин байгаагийн нууцыг тайлах боломжтой гэгддэг байна. Иймд нейтрино бөөмийн хурдыг хэмжих туршилт нь түүний хэлбэлзлийг илрүүлэхээс гадна орчлон ертөнцийн оршин байгаа зүй тогтлын нууцтай холбогдож байгаа юм.