Мессигийн хэрэг хаагдсан, гэвч аав нь асуудалтай хэвээр
Испаний прокурорын газраас Аргентины шигшээ болон Барселона клубийн хөлбөмбөгчин Лионель Мессид үүсгээд байсан татвараас зайлсхийсэн гэх хэргийг хаажээ. Гэвч түүний аавд үүсгэсэн хэрэг хэвээр үлдсэн байна.
Хорхе Мессид 18 сар шоронд хоригдох мөн 2 сая еврогийн торгууль төлөх шийтгэл оногдуулж магадгүй байгаа бөгөөд эцэг, хүү Мессиг Испаний засгийн газраас 4 сая гаруй еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр яллаж байсан юм.
Прокурорын газар Хорхег 2007 болон 2009 онуудад хүүгийнхээ орлогын татвараас Белиз, Уругвай улсуудад байрлах офшор компаниудыг ашиглан зайлсхийсэн гэдгийг батлаад байгаа бол Мессигийн хуульчид тоглогч “амьдралынхаа нэг ч минутыг гэрээ, контракт унших, судлах, дүгнэлт” хийхэд зарцуулж байгаагүй гэдэг шалтгаанаар маргаан үүсгэсэн тухай “El Pais” сонин мэдээлсэн байна.
Хорхе Месси (Лионель Мессигийн эцэг)
Өнгөрсөн зургаадугаар сард Барселоны дээд шүүхээс Лионель Мессиг өөрийнх нь санхүүгийн асуудалд эцэг нь холбогдоод байхад мэдэхгүй байсан гэдэг шалтгаанаар ял шийтгэлгүй өнгөрөөж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг юм.
Гэвч тоглогч цаашид ямар нэгэн шийтгэл хүлээхгүй болсон.
Татвараас зайлсхийсэн гэх орлогууд нь Мессигийн зургийг ашиглах гэрээ хийсэн Банко Сабадель, Адидас, Проктер ба Гамбле, Пепси-Кола, Кувейт Хоолны Компани болон Даноне зэрэг компаниуд юм байна.
2013 оны наймдугаар сард Месси болон түүний эцэг Хорхе нар сайн дураараа “залруулах төлбөр” гэж 5 сая евро төлсөн байдаг бөгөөд энэхүү төлбөр нь зайлсхийсэн гэх татвартай тэнцүү хэмжээний мөнгө юм.