Хүн төрөлхтний мартагдсан хамаатан буюу хүний шинэ төрөл зүйл олжээ
Бараг л хүн. Энэ бол Өмнөд Африкаас эртний нэгэн төрөл зүйлийн чулуужсан яс олсон эрдэмтдийн Хомо Наледиг тодорхойлсон үг. Йоханнесбург хотоос 50 километрийн зайд байх “Rising Star” агуйгаас олсон энэхүү үлдэгдэл бидний өвөг дээдэс дунд орхигдсон нэгэн байсныг гэрчилж буй юм.
Хамгийн сонирхолтой нь Африкийн өөр өөр бүс нутагт өөр төрөл зүйлс зэрэгцэн оршиж байжээ. Харин нэг нь амьд үлдэж, биднийг бий болгосон байна шүү дээ
Агуйн хананы цаана нуугдаж үлдсэн 1500 гаруй ясны хэлтэрхийг 15 өөр Хомо Наледигийн үлдэгдэл гэжээ. Археологчдийн тайлбарлаж буйгаар энэхүү шинэ нээлт хүн төрөлхтний өвөг дээдсийн тухай ойлголтыг ихээр өөрчилнө гэсэн юм.
Эртний түүхийг илрүүлсэн бяцхан түүхийг сөхвөөс анх 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр Өмнөд Африкийн Агуйн судалгааны клубийн залуус болох Рик Хантер, Стивен Такер нар Уитуотерсрандын Их сургуулийн эрдэмтэд болох Педро Бошофтой хамт хайгуул хийж байгаад бидний огт мэдэхгүй нууцыг хадгалж үлдсэн агуйн хэсгийг олжээ.
Ингээд бүтэн хоёр сар агуйн хананы цаана байгаа нууцыг гаргаж ирэх ажил хийж Хомо Наледигийн 1550 ширхэг ясны үлдэгдлийг олж авсан аж. Хайгуул, малтлагын ажил 2014 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн бол анхны олдвороос бүтэн хоёр жилийн дараа олон нийтэд мэдээлж байгаа нь энэ юм.
Лий Бергерийн охин Меган, судалгааны багийн гишүүн Рик Хантер нар чулуужсан үлдэгдэлийг олсон агуйн хананы цаад руу орох нарийхан нүхний дэргэд. Гэрэл зургийг Роберт Кларк/National Geographic
Өөрийн гэсэн ёс заншилтай байсныг гэрчлэх баримтууд байсан учраас энэ олдворыг орчин үеийн хүний хамаардаг Хомо төрөлд багтааж Наледи хэмээх нэр хайрлажээ. Гэвч олдворыг олсон эрдэмтэд яг хэдий үед амьдарч байсан болохыг мэдэж чадаагүй юм.
Харин судалгааны багийг ахалж байгаа профессор Лий Бергер ББС-д өгсөн ярилцлагадаа Хомо Наледичууд Хомо бүлгийн хамгийн анхны үе байж болох бөгөөд, ингэж үзвэл ойролцоогоор гурван сая жилийн өмнө амьдарч байсан болов уу, гэжээ.
Бараг л хүн. Хүн төрөлхтний ургийн модны хугарсан мөчир
Гэхдээ үүнээс гадна энэ төрөл бидний анхдагч гэж үздэг өвөг дээдсийн үр удам ч байж болох магадлалтай. Түүнчлэн профессор Лий Бергер “Шинэ төрөл зүйлсийг олж илрүүлнэ гэдэг байгаль эх хүн төрөлхтнийг олон янзаар туршин байсныг гэрчилж байна. Хамгийн сонирхолтой нь Африкийн өөр өөр бүс нутагт өөр төрөл зүйлс зэрэгцэн оршиж байжээ. Харин нэг нь амьд үлдэж, биднийг бий болгосон байна шүү дээ” гэсэн юм.
ХҮНИЙ ҮҮСЛИЙН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
Шар өнгөөр тодруулсан нь Хомо Наледигийн гавлын яс, саарал нь та бид хоёрынх- Ардипитек /4,4 сая жилийн өмнө/ - 1990-ээд оны үед Этиопоос чулуужсан үлдэгдлийг нь олж илрүүлсэн. Энэ төрөл зүйл модонд амьдардаг хэдий ч босож явдаг болсон байжээ.
- Австралопитек /3,9-2,9 сая жилийн өмнө/ - Алдарт “Люси” яс энэ төрөлд хамаарна. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн чулуужсан үлдэгдэл зөвхөн Африкийн зүүн нутгаас олджээ.
- Хомо хабилис /2,8-1,5 сая жилийн өмнө/ - Балар эртний хүмүүс. Гавлын яс нь хүнийхээс арай том хэдий ч австралопитек зэрэг өвөг дээдсээсээ илүү жижигхэн шүдтэй, урт гартай байжээ.
- Хомо Наледи /Албан ёсоор тогтоосон цаг хугацаа байхгүй ч гурван сая жил гэж таамаглаж байгаа/ - Шинэхэн олдворын шүд нь илүү орчин үеийн төрхтэй болж, хүнтэй төстэй хөлтэй хэдий ч гар хуруу нь бүдүүлэг, гавлын яс жижиг.
- Хомо Эректус /1,9 сая жилийн өмнө/ - Эртний хүмүүс. Анатомийн хувьд орчин үеийн хүнтэй бараг ялгагдахгүй адилхан хэдий ч арай жижиг тархи, илүү бүдүүлэг царайны хэлбэртэй байсан.
- Хомо Неандертал /200,000-40,000 жил/ - Эртний Хомо Сапиенсаас салбарлан гарсан эртний төлөөлөгчид бөгөөд олдвор Европоос Дундад Ази хүртэлх газар нутагт ихээр олддог. Биднээс намхан, илүү булчинлаг, мөн арай том тархитай байжээ.
- Хомо Сапиенс /200,000 жилийн өмнөөс өнөөг хүртэл/ - Орчин үеийн хүний өвөг дээдэс Африкт үүсэж бий болжээ. Хомо Сапиенсчүүдийн багахан хээг 60,000 жилийн өмнө Африкийг орхин явж дэлхий даяар тархан суурьшсан аж.
Уитуотерсрандын Их сургуулийн танхимд Хомо Наледигийн үлдэгдлийг эвлүүлэх их ажлын ард гарсан судалгааны багийнхан. Гэрэл зургийг Роберт Кларк/National Geographic
Бидний сургуульд байхдаа үзэж, судалж байсан хүн төрөлхтний өвөг эцгийн тухай мэдээлэл одоо овоо олон өгүүлбэрээр нэмэгдэж, шалгалтад шинэ асуулт ирдэг болох нь. Хамгийн сонирхолтой нь Хомо Наледи Африкаас олддог бусад бүдүүлэг төрхт, чулуужсан үлдэгдлүүдтэй адилгүй.
Хомо Наледичуудын чулуужсан үлдэгдэл яаж яваад тэр агуйн мухарт, хананы цаана орсон бэ?
Жижигхэн тархитай, ойролцоогоор өнөөдрийн горилл сармагчинтай адил. Аарцаг, мөрний яс нь бүдүүлэг төрхтэй, гэхдээ орчин үеийн хүнтэй адил гавлын яс, жижигхэн шүд, урт хөл, бидэнтэй тун төстэй хөлийн тавхайтай ажээ.
Профессор Бергерийн хэлснээр “Би палеоантропологич хүний хувьд хэзээ ийм зүйл харна гэж төсөөлж байсангүй, бүтэн 25 жил энэ салбарт ажиллахдаа гайхаж байна гэж хэлэхэд ч багадна” гэсэн юм.
Харин одоо нэг сонирхолтой асуулт үлдлээ. Хомо Наледичуудын чулуужсан үлдэгдэл яаж яваад тэр агуйн мухарт, хананы цаана орсон бэ? Хариулт нь хаана байгаа бол, эсвэл хэзээ гэвэл тохиромжтой юм уу?