Ванга эмээгийн зөгнөл буюу 2018 онд юу болох вэ
Дэлхийн хамгийн алдартай далдыг харагчаар өдгөө Болгарын зөнч Ванга эмээ нэрлэгдэх болсон. Тэрбээр амьд ахуй цагтаа давхардсан тоогоор 1 сая гаруй хүн үзсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, түүний ирээдүйг харах увидаст төдий чинээ хүмүүс итгэснийх. Тэр ч битгий хэл Германы дээд удирдагч Адольф Гитлер хүртэл түүн дээр хоёр удаа зочилж, хамгийн сүүлийн уулзалтаас тун чиг баргар царайтай гарч байжээ. “Зөвлөлт холбоот улс уруу дайрах хэрэггүй. Тэгвэл ялагдана” гэж зөвлөж байсан Ванга эмээ Адольф Гитлертэй уулзсан сүүлийн уулзалтанд түүнд дэлхийн II дайнд ялагдаж, амь эрсдэнэ гэдгийг хэлсэн гэж судлаачид үздэг. Түүнчлэн Ванга эмээ дээр Болгарын хаан III Борис зочилж Адольф Гитлертэй түншлэх гэж буйгаа дуулгаж зөвлөгөө авахад нутаг нэгт хаандаа “А.Гитлертэй нэгдэх хэрэггүй. Хэрвээ Болгар Улс Германы холбоотон болж дайнд оролцвол ялагдана” гэж хэлж байж. Харамсалтай нь III Борис хаан түүний захиасаас зөрж, Германы холбоотон болсноос 1943 онд 50 насандаа амь үрэгджээ.
Энэ мэт Японы Фукушимагийн цунами, Индонезийн Суматра арлын газар хөдлөлт, туйлын мөс, нарны идэвхжил гээд Ванга эмээгийн алдартай зөгнөлүүдийг дурдаад дуусахгүй. Мэдээж биелсэн зөгнөлүүд алдартай болдгийг эрх биш мэдэх биз. Түүнчлэн Ванга эмээ “1999 юм уу 2000 оны наймдугаар сард “Курск” усанд автана. Түүний араас бүх нийтээрээ харамсан гашуудах болно” гэж хэлж байсан бөгөөд далайн түвшнээс дээш харьцангуй өндөрт оршдог “Курск” хотыг усанд автана гэдэгт тэр бүр хүмүүс итгэхгүй байв. Харин түүний хэлснээс яг 20 жилийн дараа буюу 2000 оны наймдугаар сард “Курск” хот бус Оросын цөмийн шумбагч “Курск” хөлөг живж олон арван хүн амь үрэгдэж, Орос битгий хэл дэлхий нийтээрээ харамсав. Түүнчлэн таалал төгсөхөөсөө хэдхэн жилийн өмнө хэлсэн “Аймшиг, аймшиг! Төмөр шувууд халдсаны дараа Америкийн ахан дүүс унана. Гэмгүй хүмүүсийн цус асгарсанд олон хүн уйлалдаж, бутан дотроос чононууд улина” гэж хэлжээ. Үнэхээр 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төв болсон ихэр хоёр цамхгийг зорчигчидтой “төмөр шувуу”-нууд ирж мөргөж, олон зуун хүн 100 гаруй давхар энэ хоёр барилгаас унасан юм. Нөгөө талаас бут /англиар bush/ гэдэг үгийг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Буш /Жорж Буш/-тай холбох нь бий. Мөн дөрөв дэх Ерөнхийлөгчийн үхлээс дэлхийн III дайн эхэлнэ гэсэн бөгөөд Иракийн Саддам Хуссейн, Ливийн Муаммар Каддафи, Венесуэлийн Уго Чавес нар хэдийнэ амьсгал хураагаад байна. Энэ сацуу бүгд АНУ-ын оролцоотойгоор нас барсныг сануулахын зэрэгцээ Уго Чавесыг цацраг идэвхт бодисоор хордуулсны улмаас хорт хавдраар нас барсан гэж Венесуэл болон Кубын төрийн тэргүүнүүд ил цагаанаар мэдэгдэж байсан удаатай.
2018 оны зөгнөл
Ванга эмээ 2018 онд Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнуудад мөлжигчдөөсөө хариугаа авч, үйл ажиллагааг нь эргүүлнэ гэж хоёр зөгнөл хэлсэн байдаг. Үнэхээр Хятад улс хэдхэн жилийн өмнө “мөнхийн хаан” мэт эзэгнэн суусан АНУ зэрэг хэд хэдэн орныг ардаа орхиж эдийн засгаараа тэргүүлэгч орны суудалд заларсан. Ийнхүү дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болох сууриа бат гэгч нь тавьсан Хятад улсыг Вангагийн зөгнөлөөс зөрнө гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэгвэл өөр нэг зөгнөлөөр бол Монгол мэтийн хөгжиж буй орнуудад ард иргэд мөлжигчдөө харин мөлжиж эхлэх гэнэ. Гадаад суудаг монголчууд ч үүнийг хэлж “Хэтэрхий хүлцэнгүй ч хэзээ нэгэн цагт тэсрэх байх даа” хэмээдэг юм. Тиймдээ ч халамж, эх орны хишиг мэтийн хэдэн мөнгөөр иргэдээ тайтгаруулдаг юм байх. Ямартай ч, өөрсдийнхөө төлөө жагсч, эсэргүүцлээ илэрхийлэх байдлаараа дэлхийн хамгийн бослого, хөдөлгөөн болдоггүй орны жагсаалтыг тэргүүлдэг Монголд эргүүлээд ард иргэдийнхээ асуудлыг шийдэхийг хүсдэггүй ардчилсан систем энэ байдлаараа битгий л удаан үргэлжлээсэй билээ. Эс бөгөөс ингээд байж л байг, тэсэрнэ гэсэн хэн нэгний хэлсэн үг биелэх гээд байна шүү.