Бархасбадийн дагуулууд амьдрал тэтгэх боломжтой юу?
Манай нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадийн нууцлаг дагуулууд дээр амьдрал байх боломжтой юу? Ер нь манай гаригаас гадна өөр хаа нэгтээ, ялангуяа манай нарны аймаг дотор амьдрал бий болов уу?
Бидний мэддэг шиг соёл иргэншил биш харин зүгээр л амьдрал бактерийн төвшинд байж болох тухай ярьж байгаа билээ
НАСА агентлаг 30 сая ам. долларын зардалтай Европа төслийг 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бархасбадь гаригийн нэг дагуул болох Европа дээр ус шингэн төлөвт оршин буйг баталсан зарим нэг баримтууд бий.
2012 онд Хаббл дуран авай Европагийн өмнөд туйлд ус цацарч байгааг илрүүлсэн билээ. Тэгвэл энэ зун аварга том хийн гаригийг болон түүний хэдэн дагуулыг судлах хөлгийг бүтээх ажил эхэлж байгаа аж.
Европын сансар судлалын агентлагийн захиалгаар Эйрбусын бүтээх хөлөг хийн гаригуудын бүсэд ажиллах аж. Juice буюу Бархасбадийн мөсөн дагуулуудыг судлах ажил гэж нэрлэсэн төслийн хөлөг Бархасбадь, түүний дагуул Европагаас гадна Ганимед, Каллисто хэмээх өөр бас хоёр дагуулыг нь судлах юм байна.
Хөлөг бүтэн долоон жилийн аяллын дараа хийн гаригт хүрэх бөгөөд гурван жил хагасын турш судалгааны ажил хийх аж. Төслийн багийн эрдэмтэн Оливер Витасс “Хэдийгээр тэнд далай байгаа гэх баталгаа байхгүй ч дагуулуудын мөсөн гадаргуун доор ус шингэн төлөвтэй байх боломжтой” гэжээ.
Европа
Энэ төслийн гол зорилго нь дээрх таамаг, мэдээллийг батлах, хэрвээ батлагдвал далай нь хэр гүн болохыг мэдэх юм. Европын сансар судлалын агентлаг Juice төсөлд зориулан 900 сая евро зарцуулах аж.
Өнөөдрийн байдлаар бид өөрсдийн нарны аймагт байгаа гаригуудын талаар чамгүй мэддэг болжээ. Гэхдээ манай нарны аймгаас гадна орших олон гариг бий. Тэдний зарим нь яг л Бархасбадьтай адил хийн гаригууд.
Тэгэхээр айлаас эрэхээр эхлээд авдраа ухаж Бархасбадийн дагуулууд амьдрал тэтгэх боломжтой эсэхийг мэднэ гэдэг манай нарны аймгаас гадна орших хийн гаригуудын дагуулууд ч гэсэн амьдрал тэтгэх боломжтой гэдгийг батлах юм.
Гэхдээ нэг зүйлийг сануулахад амьдрал тэтгэх боломжтой байлаа ч тэнд болон бүр цаана бидний мэддэг шиг соёл иргэншил биш харин зүгээр л амьдрал бактерийн төвшинд байж болох тухай ярьж байгаа билээ.
Харин соёл иргэншлийн тухайд бүр тусдаа асуудал болно.Хамгийн гол нь АМЬДРАЛ байгаа юу, үгүй юу? Хариултыг нь хэзээ олох нь тодорхойгүй хэцүү асуулт.