Дэлхийн хамгийн хөгшин ихрүүдийн урт наслах зөвлөгөө
Хоолны дэглэмээ тогтмол хадгалж, өдөр бүр хундага дарс ууж, эмэгтэйчүүдийн араас гүйхгүй байх нь урт наслахын үндэс гэж ихэр ах дүүс Петр, Паулус Лангерок нар зөвлөжээ. Тэд өнөөдөр дэлхий дээр эсэн мэнд амьдарч буй хамгийн хөгшин ихрүүд юм.
Энэ хоёр эрхэм дахиад гурван жилийн нүүрийг үзэж чадвал дэлхийн хамгийн өндөр насалсан ихрүүдийн амжилтыг эвдэх юм
1913 оны долдугаар сарын 8-ны өдөр хорвоод мэндэлсэн ихэр хоёр амьдралынхаа туршид хамтдаа байжээ. Бельгийн Гент тосгоны хөгшчүүлийн асрамжийн газарт ч тэр хоёр нэг өрөөнд амьдардаг аж.
Паулус өөрсдийн урт насалсан нууцаа хуваалцахдаа “Би тийм ч олон зөвлөгөө өгч чадахгүй ээ. Цагаа дэмий бүү үр, их идэх ч хэрэггүй, эмэгтэйчүүдийн араас битгий гүй” гэжээ. Бүх насаараа шүүгч хийсэн 102 настай ихрүүдийн урт насалсан нууц ердөө л дээрх өгүүлбэр юм.
Хоёулаа өдөр бүр хундага дарс уух дуртай бөгөөд Паулус асрагч эмэгтэйд хандан “Бидэнд Бордо аваад ирээч, гэхдээ сайн чанарынхыг нь шүү” гэж захих аж. Ихрүүд асрамжийн газарт гурван жилийн өмнө ирсэн бөгөөд огтхон ч гэрлээгүй гэнэ.
Учир нь ихрүүдийн аль нэг нь өөрт тохирсон бүсгүйг оллоо хэмээн дагуулж ирэхэд нөгөө нь үгүйсгэсээр байгаад өдийг хүрчээ. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болсон энэ хоёр эрхэм дахиад гурван жилийн нүүрийг үзэж чадвал дэлхийн хамгийн өндөр насалсан ихрүүдийн амжилтыг эвдэх юм.
Гиннесийн номонд бичсэнээр АНУ-ын иргэн Глен Моер, Дейл Моер нар 105 насалж дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд гэх алдрыг хүртэж байсан аж. Харин Паулуст дэлхийн дээд амжилтыг эвдэх огтхон ч хамаагүй гэсэн бөгөөд “85 хүрээд бид хоёрыг эмч дээр очиход “Өөрсдийгөө 100 хүрнэ гэж битгий бодоорой” гэж хэлсэн юм, үнэндээ бид хоёр ч гэсэн ийм урт насална гэж бодож байсангүй” гэжээ.