Эхнэрээсээ салахдаа бүх хөрөнгөө дундуур нь "Хувааж авчээ"
Германы "Deutsche Anwaltauskunft" гэдэг хуулийн компани нэгэн бичлэгийг Youtube-д байршуулжээ. Уг бичлэгт Мартин Г хэмээх нэгэн эр эхнэр Лаурагаасаа салахдаа бүх хөрөнгөө хувааж байх аж.
Тэд хамт амьдарч байхдаа авсан машин, телевизор, iPhone 5, Apple компьютер, сандал, унадаг дугуй, диван, чихмэл тоглоом гээд л хамаг юмаа дундуур нь хөрөөдөн хуваажээ. Түүний энэ бичлэгийг 6 сая 700 мянган хүн үзсэн байна.
Тэгээд энэ бичлэгтээ “Лаура, 12 жилийг хамтдаа сайхан өнгөрөөсөнд баярлалаа. Чи энэ бүгдийн талыг авах эрхтэй” гэсэн тайлбар бичсэн байна. Энэхүү бичлэгийг үзсэн бүх хүмүүс үүнийг бодит хэмээн хүлээн авсан гэнэ.
Харин энэ бичлэг нь хуулийн компанийн “зохиомол бичлэг” байсан нь хожим тодорхой болжээ. Уг компанийн мэдээлсэнээр "Хүмүүс гэр бүл цуцлах, харилцаа холбоогоо таслах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, энэ талын хуулийн мэдлэг маш муутай байдаг. Үүнээс болж салах үеэр голдуу хэрүүл тэмцэл гарч, үр дүнд нь эд хогшил төдийгүй үр хүүхдүүд хохирдог учраас ийм сэрэмжлүүлэг гаргасан" хэмээн тайлбарлажээ.
Уг бичлэгт хуваагдсан бүх зүйл жинхэнэ байсан бөгөөд үнэхээр дуудлага худалдаагаар зарагдаж, олсон мөнгийг нь буяны үйлст хандивлажээ.