Блогчид инстаграмаас ингэж мөнгө олдог
Чамд ч бас хоббигоо орлого болгох боломж байгаа гэдгийг мэдэх үү? “We Wore What”-ын Danielle Bernstein нууцаа задаллаа.
"Та нээлттэй хандана гэвэл надад нэг санаа байна" We wore what-ыг хөтлөн явуулдаг 22 настай загварын блогч Bernstein над руу саяхан ингэж бичсэн юм. Би түүнээс инстаграм дээрээ зураг оруулсныхаа төлөө брэндүүдээс орлогожих маягаар өрнөдөг блогчдын бизнесийн нарийн ширийнийг надад тайлбарлаж өгөхийг хүссэн юм л даа.
Инстаграмыг идэвхтэй ашигладаг бүсгүйчүүд дээрхийг аль хэдийнэ анзаарсан биз. Алдартай блогчдын инстаграмыг ганц хоёр гүйлгэхэд л энэ бүхэн илэрхий харагддаг. Гэхдээ үүний цаадах бизнесийн туршлага, мөнгөний хэмжээ үргэлж нууц, биднээс далдуур өрнөдөг шүү дээ.
Тэр надад зөвхөн өөрийнх нь блогийн тухай нийтлэл гаргана гэвэл хэрхэн мөнгө олдог тухайгаа тайлбарлаж өгье гэсэн санал тавьсан юм. “Энэ салбарт би хэнтэй нэр холбогдож байна вэ гэдэг тун чухал. Би бусдад дургүй юм биш л дээ, зүгээр л зарим нь надаас огт өөр төрлийн, надтай нэр холбогдоход тохиромжгүй блогчид байдаг юм”
Bernstein инстаграм дээр 1 сая гаруй дагалдагчтай. Яг одоогоор Bernstein 1 сурталчилгааны зураг (инстаграм зураг) тутмаас $5,000 - $15,000 доллароор цалинждаг аж. Энэ үнэлгээ нь тухайн брэндтэй хийсэн тохиролцооноос хамаарч дээш доош бага зэрэг хэлбэлздэг гэнэ. Үүнээс гадна брэндүүд өөрсдийн шинэ коллекцийн дээжээс блогчдод зориулан бэлгэнд явуулж, түүнийг өмсөж зургаа авахуулаасай хэмээн хуруугаа зөрүүлэн суух тохиолдол олон. Bernstein ч бас ирсэн бэлэгнүүдээс шилж байгаад, өөрийн стильд тохирох загварыг өмсөн зургаа авахуулдаг. Саяхан Milly-ээс түүнд тод хөх өнгийн цүнх илгээжээ. Өнгө нь түүний сонирхолд нийцэхгүй байсан ч загвар нь таалагдсан учраас тэр хар өнгөтэйг авахыг хүссэн тухайгаа ярилаа.
Гэхдээ л ихэнх сурталчилгааны зураг нь тухайн брэндтэй хийсэн гэрээний дагуу авагддаг гэнэ. Гэрээний заалтанд блогч брэндийн загвараас тодорхой тооны зурганд оруулахаас гадна, нэг зурганд өрсөлдөгчийнх нь бүтээгдэхүүнийг оруулахгүй байх, бүр заримдаа бүтэн долоо хоног өөр брэндийн нэрийг дурдахгүй байх тохиролцоо ч хийх тохиолдол байдаг аж.
Брэндүүд жилд 1 тэрбумаас илүү долларыг Инстаграмын сурталчилгаанд зориулж байгаа тухай судалгаа харуулж байна. “Инстаграмд маш хурдацтайгаар хүрээгээ тэлж буй асар том зах зээл байна” гэж инстаграмын зургуудаасаа шууд худалдан авалт хийж болдог аппикейшн “Dash Hudson”-ы CEO Thomas Rankin ярилаа. Энэ салбар инстаграмд асар их контент үйлдвэрлэж, анхаарал татсан учраас саяхан инстаграмын үүсгэн байгуулагч Kevin Systrom Парисын загварын долоо хоногт хүртэл оролцож Karl Lagerfeld, Jean Paul Gaultier-ын урлангаар зочилж блогч, модел, редактор, дизайнерууд, брэндүүдийн ертөнцийг илүү сайн судалж авчээ.
Bernstein-ий сүүлийн үеийн ажлаас гэвэл тэрээр Lancome, Virgin Hotels –ийн сурталчилгааг хийжээ. Lancome түүнд Miracle Cushion хэмээх шинэ шингэн энгэсэгнийхээ сурталчилгаан дээр хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тэрээр бүтээгдэхүүнийг нь өөрийнхөө өглөөний нүүр будалтын дэглэм, нүүр будалтын цүнхний нэг хэсэг болгож зураг авсан байна. Харин Virgin Hotels –ийн сурталчилгааг хийхдээ тэр Chicago дахь салбарынх нь нээлтэнд оролцож, тус зочид буудлын эзэн Richard Branson-той зургаа авахуулж нийтэлсэн байна.
“Өнгөрсөн жил миний хамгийн орлоготой жил байсан. Би мөнгөний тухай ярих дургүй л дээ. Гэхдээ 22 настай хүний хувьд төсөөлж байснаасаа ч илүү их орлого олсон. Би өөрөө өөрийгөө бүрэн даасан, өөрийнхөө төлөө ажилласнаар данс маань 6 оронтой тооноос давсан гэж бодож байна. Би олсон мөнгөө хадгалж, хөрөнгө оруулалт хийж, аль болох ухаалаг зарцуулахыг хичээдэг”
Инстаграмын зах зээлд орлого олох том зай бий. Дунджаар, хэрвээ чи хэдэн зуун мянган дагагчтай бол нэг постоос 500-5000 долларыг олох боломжтой. Харин чиний дагагч 6 саяас илүү бол зураг тутмаас 20’000-100’000 доллар олох боломжтой.
Хамгийн солиотой бас гайхалтай нь блогчид буйдан дээр сууж байгаагаа, ундаа ууж байгаагаа аваад л 5 оронтой тооноос дээш мөнгийг нэг дор олж байна. Bernstein нэг удаа Project Runway-тай хамтарч ажиллахдаа үнэхээр л буйдан дээрээ зурагт үзээд сууж байгаа зургаа тавьж байсан гэнэ. “Би тэр шоуг үзэж байна гэж инстаграм дээрээ бичээд л болох нь тэр”
Загварын сэтгүүлийн зургийг поз муутай байна гэж шүүмжилдэг бол инстаграмын сурталчилгааны зургийг захиалагч нар поз сайтай байна гэж шүүмжлэх нь бий. Хамгийн гол нь маш хамаагүй, өөртөө зориулж авч байгаа юм шиг харагдах нь инстаграмын сурталчилгааны түлхүүр юм.