30 ажилд гологдсоны эцэст тэрбумтан болсон Жек Ма
Азийн тэрбумтан Жек Ма нь зүгээр л бүх цаг үеийн олон бизнесмэн илүү эрч хүчтэй босохын тулд унах хэрэгтэй болдгийн нэг жишээ юм. Өөрийнхөө хүчээр хөл дээрээ босч өсч дэвжсэн хүмүүс нь хэний ч бодож олоогүй санааг олж, бизнесийн боломжийг олж харсан байдаг. Тэд бол тэгээс эхлээд гүйлгээ ухааныхаа ачаар олон тэрбумын хөрөнгийг бий болгож чаддаг ажээ. Хятадын интернэт худалдааны хамгийн том веб сайтыг үндэслэгч Жек Ма эхэндээ олон ажилд гологдож явсан юм.
Эдүгээ Хятадын хамгийн баян хүн болоод байгаа энэ эр Alibaba-г үүсгэн байгуулахаасаа өмнө “За, дараа тань руу залгая” гэдэг үгийг 30 орчим ажил олгогчоос сонсож байжээ. Ма Америкийн сэтгүүлч Чарли Роузт өгсөн ярилцлагадаа, ажил олгогчдыг царайчлан, гологдож явах нь бараг л хэвийн үзэгдэл болоод байсан тухай онцолсон байна. Нэг удаа цагдаагийн албанд ажилд орохоор очиход “Хангалттай сайн бие бялдартай биш байна” хэмээн буцаасан аж. Зарим үед ажилд шилж сонгогсод түүнд ихэд бүдүүлэг, харгис ханддаг байв. “KFC манай хотод орж ирсэн тул тэнд ажилд орохоор очлоо. 24 хүн өргөдлөө өгөхөд 23 нь тэнцээд би ганцаараа гологдож байлаа” хэмээн Жек Ма ярьж байна. Эдүгээ 50 настай Ма Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотын уугуул юм.
Тэрээр интернэт худалдааны Alibaba сайтаа нээсэн эхэн үед бас л олигтой байсангүй. “Эхэн үедээ зөвхөн яаж тэсч үлдэх вэ гэж чардайдаг байлаа. Эхний гурван жилд ямар ч ашиг олоогүй” хэмээн Ма өгүүлэв. Эдүгээ Хятадын интернэт дэлгүүрийн манлай болоод байгаа түүний компани 2001 онд АНУ-аас гурван сая долларын санхүүжилт олох гээд бүтэлгүйтэж байсан гэдэгт итгэх аргагүй. “Гэсэн ч бид бууж өгөөгүй. Буцаж очоод 25 саяыг олчихоод ирсэн” хэмээн ярилаа.
Асар их амжилт олсон бизнесмэнүүд ажил, бизнесийн гараан дээрээ дандаа бүтэлгүйтэж байсан нь итгэхэд бэрх ч үнэн ажээ. Тэдний олонх нь өөрт тулгарч байсан нөхцөл байдлыг засч залруулах гэж оролдож, тэгээс эхэлж буй хүмүүст боломж олгохыг хичээдэг юм.
Өнөөдөр Alibaba компани өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж, арилжаа наймаанд нь зуучилж байгаа аж. Тус компанид данстай 30 мянган ажилчин байгаагийн зэрэгцээ Хятадад шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгож байна. Жек Магийн хувьд бизнесийн амжилтын мөн чанар нь мөнгөнд бус, тоонд ч бус харин өдөр бүр хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зүгээс нэмэгдэж буй итгэл ажээ.