Дэлхий дахинд болж буй онцлох үйл явдлыг тоймлов

2015 оны 1 сарын 10

Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

 

Боко Харам цэргийн баазыг эзлэв

 

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл зүүн мужид байрлах Олон үндэстний цэргийн баазыг эзэлсэн ба тухайн үед хэт даврагчид харуулд гарч байсан 25 цэргийн аминд хүрч, зэвсгийн агуулахыг эзэлжээ. Түүнчлэн тэд “Борно” мужаас холгүй орших “Бага” гэх хотод хяналтаа тогтоож, хотын барилгуудыг галдан шатааж, олон хүний аминд хүрсэн учир оршин суугчид нь хөрш зэргэлдээ Чад улс руу дүрвэн гарч эхэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан дээрх баазын ойролцоох бүс нутгуудад хөл хорио тогтоож, армийн цэргүүдийг илгээсэн байна. Нигерийн хэвлэлүүд “Ерөнхийлөгч Их Британи, Герман, Оросын удирдлагуудаас тусламж хүссэн” гэж мэдээлжээ.

 

 

ОХУ-ын эсрэг хоригоо цуцлахыг хүслээ

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Европын орнуудын удирдлагуудад хандаж Оросын Засгийн газрын эсрэг тавьж, хэрэгжүүлж буй эдийн засгийг хоригоо цуцлахыг хүссэн байна. Түүний уг саналыг Германы дэд Канцлер Сигмар Гарбриэл дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Оросын эсрэг хоригийг цуцлахыг Итали, Унгар, Словакийн удирдлагууд дэмжиж байгаа ажээ. Энэ сарын 15-нд Казахстаны Астана хотноо Украины асуудлаар олон улсын форум уулзалт зохион байгуулагдах бөгөөд уулзалтад АНУ, Их Британи, Франц, Япон Орос, Украины удирдлагууд оролцох юм.  Дээрх уулзалттай холбогдуулан Франсуа Олланд “Уг уулзалтаар Орос болон Путин Украины хямралд буруугүй гэдгээ батлах хэрэгтэй. Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Оросыг буруутгаж байгаа баримтай ч бас баттай болгох хэрэгтэй” гэжээ.

 

 

 

АНУ Хойд Солонгосын эсрэг дахин хориг тавьлаа

Америкийн “Sony picture” компанийн кибер халдлагыг Хойд Солонгосын удирдлагууд захиалсан хэмээн үзэж АНУ-ын Засгийн газар тус улсад хориг тавихаар боллоо. “Sony Pictures” компанийн сүлжээнд нэвтэрсэн хакерууд “Ярилцлага” /Interview/ киног гаргахын эсэргүүцэж байсан ба хэрэв уг киног гаргасан тохиолдолд 2001 оны есдүгээр сарын 11-ны шиг зүйл болохыг анхааруулж байсан юм. Гэхдээ “Sony Pictures” компани өнгөрсөн Зул сарын баяраар “Ярилцлага” кино нээлтээ хийсэн билээ. Дээрх хоригийг эхний ээлжид дээрх Хойд Солонгосын цэргийн тагнуулын агентлаг болон зэвсгийн худалдааны томоохон группэд өндөр албан тушаал хашдаг 10 хүний эсрэг санхүүгийн хориг тавьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ “Хойд Солонгос хөрш зэргэлдээ орнуудаа үргэлж заналхийлдэг. Тэдний болчимгүй үйлдэл олон улсыг заналхийлж байна. Яг одоо “Sony picture”-ийн кибер халдлагатай Ким Чен Ун хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрвөл дээрх хоригуудаа цуцалж болно” гэж хэлжээ. Харин Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын дарга Хван Пен И, Обамагийн мэдэгдлийг үгүйсгэж “Дээрх кибер халдлагыг манай тал захиалсан гэх баримт байгаа бол гаргаад ир. АНУ-ын Засгийн газрын баттай, буурь суурьтай мэдээлэл хийхийг хүсье” гэсэн байна.

 

 

Сүйрсэн онгоцны сүүл хэсгийг олжээ

2014 оны 12 дугаар сарын 28-нд Индонез улсаас Сингапурыг зорьсон "QZ8501" нислэгийн дугаартай Боинг онгоц сураггүй боллоо гэх мэдээлэл дэлхийн дахиныг цочирдуулж байсан билээ. Тэгвэл /I.07/-нд Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон байна. Одоогоор онгоцны сүйрлийн шалтгааныг тодорхой болох хамгийн чухал цорын ганц эх сурвалж болох хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний бичлэг олдоогүй байгаа юм. Гэхдээ онгоцны сүүл хэсэгт хар хайрцаг байгаа гэж Австралийн талаас мэдээлжээ. Индонезийн эрэх-аврах агентлаг онгоцны сүүл хэсгийг анхны эрлийн ажиллагаа явагдсан хэсгээс 30 орчим километрийн зайтай газраас олсон байна. Харин уг газраас зорчигчдын цогцос олдоогүй аж. Өчигдрийн байдлаар олон улсын аврагчид хоёр хүний цогцсыг далайгаас гаргаж авсан ба ийнхүү нийтдээ 42 зорчигчийн цогцсыг гаргаж аваад байгаа ажээ.

 

 

 

“Charlie Hebdo” сэтгүүлийн газар халдлага үйлдэж 12 хүний аминд хүрчээ

Францын нийслэл Парист үйл ажиллагаа явуулдаг “Charlie Hebdo” сонины оффис руу лхагва гарагт орон нутгийн цагаар өглөөний 11.30-д  зэвсэглэсэн хоёр этгээдүүд халдлага үйлдэж 12 хүний аминд хүржээ. Гэрчүүдийн хэлснээр зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн байр руу орсны дараа буугаар буудаж эхэлсэн гэсэн байна. Мөн цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг хоёр биш гурав гэж мэдээлсэн байна. Учир нь Тэднийг хэргийн газраас зугтаахад нэг хүн тусалсан гэсэн юм. Үүний дараа гэмт этгээдүүдийг зугтахад тусалсан хэрэгт сэжиглэгдэж байгаа 18 настай Хамуд Моурадыг, Реймс бүсэд байдаг жижиг хотод байхад нь баривчилсан юм. Цагдаа нар одоо 32 настай Шериф Коуачи, 34 настай Сэйд нарыг хайж байгаа ба халдлага үйлдсэн ах, дүүсийн зургийг Парисын бүх гудамжинд байршуулж, хяналтын камерын бичлэгүүдийг шүүж эхэлсэн юм. Уг халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг Иракын хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид гэж цагдаагийн газраас мэдээлсэн юм. Тус сэтгүүлийн халдлагад өртөх болсон шалтгааныг исламын зөнч Мухаммедыг элэглэсэн цуврал хүүхэлдэйн зурагнуудаас болсон хэмээн үзэж байгаа юм. Дээрх халдлагаас улбаалан Парис хотын төвд олон мянган хүн цугларч, халдлагад өртөн амь алдсан хүмүүсийг хүндэтгэж хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Хохирогчдын дунд сэтгүүлчид, цагдаагийн албан хаагчид байсан аж. Жагсагчид хэвлэлийн эрх чөлөөг дэмжин гартаа үзэг барьж гараа дээш нь өргөн “Би бол Шарли” хэмээн хашхирчээ. Түүнчлэн уг сэтгүүлийн хэвлэсэн шог зургийг дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд дахин нийтэлсэн байна. Тухайлбал, Daily Beast сонины сайтад 2011 онд “Charlie Hebdo” сэтгүүлд нийтлэгдсэн 16 дуулиантай шог зургийг гаргасан бол Берлины B.Z. сонин тэргүүн нүүрэндээ шог зургуудыг нийтлэн гаргажээ. Мөн Данийн Berlingske сонин ч шог зургуудыг нийтэлж ингэхдээ зургуудын дунд Их зөнч, Исус Хористос, Адольф Гитлер, Франсуа Олланд нарын дүрсэлсэн ажээ. Гэхдээ зарим том хэвлэлүүд болон сайтууд шог зургийг нийтлэхгүйгээр шийдсэн бол зарим хэвлэл мэдээллийнхэн хавтасны зургийг нийтлэхдээ дээрх зургуудыг бүдгэрүүлэн далдалсан байна.“Charlie Hebdo” сэтгүүлийнхэн уг халдлагатай холбогдуулан хэвлэлтийн тоогоо нэмэгдүүлэх болсон аж. Редакцын үлдсэн ажилчид ирэх лхагва гаригт “Charlie Hebdo” сэтгүүлийг нэг сая хувь хэвлэн тараахаар болжээ. Гэхдээ сэтгүүлийн хуудсын тоог хоёр дахин багасгаж, найман хуудсаар хэвлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15481
0 эможи
keyboard_arrow_up