Зургаан жилийн боловсрол гэдэг насан туршдаа азгүй явна гэсэн үг биш
1890 оны 9-р сарын 9-нд “KFC”-ийн ирээдүйн үүсгэн байгуулагч Харлэнд Сандерс хорвоод мэндэлжээ.
Сандерсийн хүүхэд нас хүнд амьдралын дунд өнгөрсөн байна. Тэр чинээлэг бус айлын олон хүүхдийн нэг байсан ба эцэг нь жижиг сажиг даалгавруудыг гүйцэтгэн шан харамж авдаг байв. Эх нь хүүхдүүдээ харан ажил хийдэггүй байсан нь тухайн үеийн тогтсон хэвшил байлаа. Эцэг нь ч гэсэн хангалттай мөнгө олдоггүй байв.
Харлэндын аавыг нас барахад асуудал бүүр хүндэрлээ. Энэ үед ирээдүйн “KFC”-ийг үндэслэгч 6-р анги ч төгсөөгүй байсан гэдэг. Түүний амьдрал эрс өөр болов. Учир нь гэр бүлээ яаж ийгээд тэжээхийн тулд эх нь ажиллахаар болж дүү нараа асрах үүрэг Харлэндын толгой дээр ирэв. Энэ байдал түүний амьдралд их түлхэц болов. Нөхцөл байдал Сандерсийг хоолны мэргэжилтэн болоход их нөлөөлсөн юм. Төрөл төрөгсөд нь ч хүүд энэ талын авьяас байгааг олж харжээ.
Авьяас авьяасаараа л үлдэж, харин суралцах цаг үлдсэнгүй. Эцэст нь Харлэнд 6-р ангиасаа гарлаа. Үүрд мөнх. Тэр фермд ажиллахаар Грийнвуд хотод ирэв. Энэ үед эх нь дахин нөхөрт гарч гэрт нь мэр сэр мөнгө үзэгдэх болов. Харин Харлэндыг анхаарч үзэх зав зайгүй байсан. Тэр ч сэтгэлээр унасангүй хувь заяагаа өөртөө даатган ажил хийхээр өөр хот руу явлаа. Гэвч өөрийн амьдралаа хөдөө хадахыг хүсээгүй хүү удалгүй ажлаа солив. Тэгээд 15 насандаа трамвайны кондуктор болж жилийн дараа АНУ-ын армид жирийн цэргийн алба хаалаа. Тэгэхдээ бүр Кубад шүү! Үнэндээ цэргийн амьдрал ч түүнд таалагдсангүй, жилийн дараа тэр армийг орхилоо. Энэ удаа тэр бага зэргийн тогтвортой ажил олж АНУ-ын төмөр замын компанид галчаар оров.
Явж явж Харлэнд хэвийн амьдарч болохоор бага зэргийн мөнгөтэй болсон байна. Байнгын орлоготой болсон нь залуу хүнийг амьдралдаа нэг чухал алхам хийхэд хүргэж тэр Клавдия нэртэй бүсгүйд гэрлэх санал тавин насан туршдаа амьдралаа холбосон юм. Сандерсынхны хуримын дараах амьдралыг эгэл жирийн гэж хэлж болохооргүй байв. Харлэндыг ажлаас нь гэнэт халж, тэр хэдэн жилийн туш янз бүрийн ажил хийсэн ч амьдралаа зогоочих гайгүй ажил олсонгүй. Ийм нөхцөл байдалд ямар ч гэр бүл сарниж болох байлаа. Гэвч Сандерсынхан тэгсэнгүй. Эхнэр нь нөхрийнхөө байдлыг ойлгон хуваалцаад эцсээ хүртэл түүнд итгэн тэвчиж байлаа. Тэгээд дэмий ч өнгөрсөнгүй.