Монгол боодгийг жигшмээр муухай 10 хоолны тоонд оруулжээ
Хоол сонирхогч болон тогооч болох хүмүүст зориулсан, “culinaryschools.org” хэмээх хөтөч сайтад Монголчуудын хүндэт зочиндоо барьдаг уламжлалт зоог, боодгийг дэлхийн хамгийн жигшмээр 10 балиар хоолны 2 дугаарт тодруулжээ. Гэхдээ, 2 дугаар байрт шалгарсан хоол хамгийн муухай зоог дотроо хөнгөн зэрэгт орох ба 10 дугаар байр нь хамгийн жигшмээр хоол юм. Тус сайтад өгүүлснээр, дэлхийн хамгийн муухай зоог юу вэ гэдгийг та өөрөө таах ёстой бөгөөд таавал 500 ам доллар хожих гэнэ.
“Culinaryschools.org” сайтад, хэрэв та хачин хөгтэй зүйлээр хөөцөлдөгч, байж боломгүй үндэсний зоогийг амталмаар байгаа бол, энэ байна гэж бичжээ.
1. КАСУ МАРЗУ ӨТСӨН БЯСЛАГ
Италийн Касу Марзу нь гарцаагүй дэлхийн хамгийн жигшүүрт зоогнуудын №1 юм. Нэрийг нь орчуулбал, "ялзарсан бяслаг" гэсэн утгатай. Үүнийг хийхдээ, Италийн сайн чанарын пекорино бяслагийг муутган шавьжны авгалдай үржих үүр болгон зориудаар бэлддэг байна.
2. МОНГОЛ БООДОГ
Нүүдэлчид зэвэрдэггүй ган хэрэгсэл бүхий тохилог гал тогоо үүсэхээс аль өмнө бүхэл ямаа, заримдаа тарвага (тарвага нь тахал өвчин тээгч тул, ямаа нь илүү дээр сонголт байж магадгүй)-р хоол хийх хосгүй аргыг бодож олжээ. Ямааг дотор талаас нь амийг нь тасдаж, цусыг нь юүлж, мөчийг нь нугалдаг. Төхөөрөх арга нь Өрнөдийнхөөс арай өөр. Ингээд, хөндий зай болгонд нь, үүгээр зогсохгүй хөлний арьс руу нь мөлгөр халуун чулуу чихэж, ил галд шарж болгоно. Энэ бол жинхэнэ монгол шарсан мах.
3. ЗӨӨЛӨН ГАЛААР ЧАНСАН ҮР ХӨВРӨЛТЭЙ ӨНДӨГ
Балут буюу дэгдээхэйн үр хөврөлтэй галууны чанасан өндөг нь Филиппин, Вьетнамд түгээмэл үндэсний зоог юм. Энэ хоолонд хэрэглэдэг өндгийг ихэвчлэн инкубаторт байлгаж, үр хөврөлийг нь тодорхой хугацаанд бойжуулсны дараа хүнсэнд хэрэглэнэ. Өндгийг зөөлөн галаар чанаж болгосны дараа хальсалж, дутуу бойжсон дэгдээхэйг өндөгний бусад хэсэгтэй цуг бага зэрэг давс цацаж иддэг байна.
4. ХОНИНЫ БҮХЭЛ ТОЛГОЙ
Хонины толгой нь Газрын дундад тэнгис, Умард Европыг оролцуулаад дэлхийн хэд хэдэн бүс нутагт түгээмэл зоог юм. Хонины толгойг бүхэлээр нь янз бүрээр утаж болгохоос гадна, шөлний жор хийнэ. Ялангуяа, нүд, хэл нь амттай гэнэ.
5. АМЬД НАЙМААЛЖ
Хамгийн жигшүүртэй хоолны тоонд амьдаар нь иддэг аливаа юмс зүй ёсоор багтана. Далайн түүхий хоол Азид алдартай бөгөөд Японы суши, Гуулин (Солонгос) кимчи нь алдартай түүхий хүнсний төрөл юм. Түүхий наймаалж иддэг шиг, амьд наймаалжийг ч таваглаж, эсвэл аягалж шууд иддэг байна. Мөн, зулзган наймаалжийг амьдаар нь хэрчиж олгох бөгөөд хэрчмүүд нь гүрвэлзэн хөдөлж байдаг. Энэхүү хоол хэдэн зууны туршид Гуулин ард түмний нэг хүндтэй зоог байсаар иржээ.
6. ЯРГАЙ ЗАГАСНЫ ИССЭН ТОЛГОЙ
Яргай загас нь Хойд Америкийн Аляскийн уугуул ард түмний нэгэн гол хүнс бөгөөд тэд яргай загаснаас юуг ч хаядаггүй байна. Индианчуудын нэгэн уламжлалт зоог нь яргай загасны иссэн толгой юм. Ялангуяа, Хаан яргайны толгойг хуванцар сав, эсвэл модон торхонд хийж, ухсан нүхэнд булах ба хэдэн долоо хоног буюу түүнээс удаан хугацаагаар орхидог байна. Үүний дараа, тэд иссэн толгойг гарган ирж, амтархан иднэ.
7. ҮХЛИЙН ХОРТОЙ ЗАГАС: ФУГУГААР ЗООГ ХИЙХ ЛИЦЕНЗ
Японы хамгийн дээд зэргийн амттаны нэг нь таны амандаа хийх хамгийн аюултай зоогийн нэг байх болно. Фугу бол жигшим муухай гэж хэлмээргүй, хөөрхөн, жижигхэн загас юм. Гэвч, энэ загас өөрт довтолсон амьтны мэдрэлийг саажуулдаг хамгаалалтын систем болох тетродотоксин хэмээх үхлийн хортой. Хэрэв үүгээр хордвол, та түрүүлгээ харан унаж, ухаан балартахгүй боловч, аажим мэдээ алдсаар амь тавих болно. Одоогоор, фугу загасны хорын эсрэг ямар нэг төрлийн ерөндөг гараагүй юм. Хэдий ийм боловч, Японы хамгийн тансаг ресторануудад зөвшөөрөлтэй тогооч нар эрхэм дээдэс, адал явдал хайгчдад зориулан фугу загасаар зоог бэлтгэсээр байна. Фугу загаснаас болж хүн үхдэг үү гэвэл, тийм. Гэхдээ, санамсаргүй байдлаар маш цөөн хүн үхдэг гэнэ. Иймд, фугуны тогоочид загаснаас хортой хэсгийг нь авч, бэлтгэх, ариун цэвэр сахих, үлдэгдлийг нь хаях хатуу шаардлага тавьдаг байна. Сонирхолтой нь, фугуны хамгийн шилдэг тогооч нар зоог бэлдэхдээ маханд нь маш бага зэрэг хор үлдээж, хэлээрээ үхлийн хорыг мэдрэх боломж олгодог.
8. ХАНДГАЙН ХАМРААР ХИЙСЭН ЦЭЛЦЭГНҮҮР
Талхан дээр цэлцэгнүүр тавьж идэх амттай. Гэвч, Аляскийн уугуул хүмүүсийн уламжлалт зоог, хандгайн хамраар хийсэн цэлцэгнүүр нь бидний мэдэх цэлцэгнүүрээс арай өөр юм. Аляскийн уламжлалт жороор болгосон жинхэнэ цэлцэгнүүрийг хараад л, хэрчсэн хандгайн хамар гэдгийг мэдэх болно.
9. САРЬСАН БАГВААХАЙН ПАСТА
Сарьсан багваахай нь Тайланд, Хятад, Гуам зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын үндэсний зоог юм. Сарьсан багваахайгаар зоог бэлдэхдээ, амьд сарьсан багваахайг буцалж буй ус буюу сүүнд хийж, дараа нь шарах ба хэрчиж, Тай амтлагч ногоотой хольж гоймонтой шөл хийнэ. Гэвч, энэ амьтан маш аюултай өвчин тээгч юм. Та үүнийг амталж үзэх хамгийн жигшмээр хоолнуудын сүүл хэсгийн жагсаалтад оруулж болно.
10. ОДОО ТАНЫ ЭЭЛЖ. ҮҮНИЙГ ТА ТААХ УУ?